Цаг үеийн мэдээ

Машинуудыг тэгш, сондгой дугаараар нь нь ээлжлэн зам дээр гаргаж байгаа ч тэг зогсолт, таг гацаандаа хүрээд байна. Алхчихъя гэхээр явган зам яг гулгуур болсон, яс янгинам жавар тачигнаж байна. Автобусаар явчихъя гэхээр ахин дахин бууж суугаад, буудлаас буудлын хооронд даараад, хоёр зээрдээрээ шогшоод, шинэ хуучин маршрутууд нь зэрэгцээд, хөлийн ул, хүний толгой эргээд байна. Богино рейсийн автобуснууд нь мотор бүхээг нь халж амжихгүй явуулын хөргөгч, хөдөлгөөнт хөлдөөгч болчихоод байдаг. Түгжирч таглараад ч хамаагүй машинаа уначихъя гэхээр тэгш, сондгойгоор нь хязгаарлачихсан.  

Тэгш, сондгой дугаараар хязгаарлавч, хүний ажил, хотын амьдралыг хазаарлах боломжгүй. Хөл дүүжлэх ганц унаатай, хүүхэд шуухдаа зөөдөг айл өрхүүд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил, амьдралаа хясуулж хяхуулаад, хязгаарлуулж хялайлгаж суухыг хүссэнгүй. Хуучин тэрэгний наймаа шажигнаж, хямд унааны арилжаа шижигнэж байна. Тэгштэй бол сондгой, сондгойтой бол тэгш дугаартай машин арга буюу авах нь илтэд өссөн байна. Хотыг элдэв тушаал, захиргаадалтаар биш инженерийн тооцоогоор хөгжүүлдэг. Хотын түгжрэлийг хуваах гэж байгаад үржүүлчихэв үү? Нийслэлд олгох машины дугаарыг хэмжээ таазтай болгохыг завдаж буй нь дөрвөн дугуйтын тоо толгойг өсгөх дайран дээрх давс боллоо. 

Зарим нь давс мэт гашуун шийдвэрүүдийг шинийн нэгэнд сондгой тоотой жилд төрсөн хүмүүс золгоно, шинийн хоёронд тэгш тоотой онд төрсөн айл хэснэ гэж буруу ойлгосон тохиолдол ч гарсан байна. 

Давс мэт гашуун шийдвэрүүд гарсаар байна. Дарайж дэрийсэн зам дээр бол давс бодис нь харин багадаад байна.