Цаг үеийн мэдээ

9-р ангийн сурагчид нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд бөөн бөөнөөрөө хордож нэрвэгдэж, хоолой ам нь боож, ухаан алдаж, унаж татаж олноороо эмнэлэгт хүргэгдсэн хэрэг явдал гарлаа.  Баянзүрх дүүргийн 147-р сургуулийн 2, 3-р давхар бүхлээрээ хорт утаа угаарт автаж, багш, сурагчгүй бөөн бөөнөөр хордож хохирсон нь тоглоом биш шоглоом, дэггүйтэл төдий биш дэг журамгүй явдал болж, эцэг эхчүүд нь эмээж цочирдлоо. 

Ах нь биеэ хамгааларай гэж дүүдээ нулимс асгаруулагч өгч, хүүхэд юм болохоор ид шидийг нь найзууддаа үзүүлж гайхуулах гэж байгаад химийн хичээл биш химийн довтолгоо болсон байна. Дүүдээ  хүний эрүүл мэндэд хортой зэвсэг хаанаас олсон бэ? Биеэ хамгаалахын тулд хий өвөртөлж  явах ямар шалтгаан байсан бэ? Үе тэнгийнхээ гадуурхал, ялгаварлалаас үүдэлтэй юу? гэх зэрэг олон асуулт хөвөрч байна. 

Өмхий үнэр, хүний амь нас, хөрөнгө хоглыг сүйтгэсэн ахуйн гааз, нулимс асгаруулагч хий гэх мэт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хими-биологийн хэрэг явдал цувран гарсаар байна.