Цаг үеийн мэдээ

On&On үздэг, сонсдог подкастын зочин секс судлаач Т.Түмэнжаргалтай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Н.О: Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Секс судлаач гэдэг энэ мэргэжлийн тухай хоёулаа яриагаа эхлье.

Т.Т: Монголчууд секс буюу дотно харилцааг хоёр янзаар ойлгодог. Нэг нь бузар булай явдал, биеэ үнэлэлт зэрэгтэй холбож ойлгодог бол нөгөөх нь гэр бүлийн аз жаргалтай, урт удаан амьдралын үндэс суурь, элэг бүтэн амьдралыг бүрдүүлэгч чухал хүчин зүйл гэж хардаг. Миний ажил бол бэлгийн харилцааг бэлгийн боловсрол гэж үзэж судалдаг.

Н.О: Ер нь манайхан секслогич дээр очиж зөвлөгөө авах нь хэр түгээмэл вэ? Мөн ямар асуудлаар дийлэнхдээ ханддаг вэ?

Т.Т: Сүүлийн үед харьцангуй нээлттэй болж байна. Эмэгтэйчүүдийн үндсэн асуудал бол дур ханаж чаддаггүй. Гэтэл үүний цаана илүү том асуудал байгаа нь бүсгүйчүүд маань өөрийгөө сайн таньдаггүй, мөн эсрэг хүйстнийхээ онцлогийг мэддэггүй, тэднийг ойлгодоггүй явдал юм. 

Н.О: Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас гэдэг шиг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгааг хэлж байна уу?

Т.Т: Яг зөв. Хамгийн эхлээд эмэгтэйчүүд өөрсдийгөө мэдэхгүй байна. Нийгэм даяараа эмэгтэйчүүдийг бага байхаас нь эхлээд л сайн охин байх ёстой, аав ээж, багшийнхаа үгийг дуулгавартай сонс, бусдын үгэнд орж бай л гэж сургаж байснаас өөрийн бодолтой байж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх талаар төдийлөн зааж сургаагүй шүү дээ. Ийм сургааль сонссоор хүнтэй сууж байгаа бүсгүйчүүд яг л нөгөө эцэг эх, багшийн шаарддаг байснаар би сайн л эмэгтэй байх ёстой гэж боддог. Ингээд дуулгавартай сайн эхнэр байсаар хамтын амьдралын 3,4 дэх жилээс хойш нэг л зүйл болохгүй байгааг, дутаад байгааг мэдэрч эхэлдэг. 

Н.О: Ер нь эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай байдлыг, бэлгийн боловсролыг эцэг эхчүүд хүүхдүүддээ хэдэн наснаас олгох вэ?

Т.Т: Хүүхдийг насанд хүрэхээр нь л энэ талаар ярья гэж гэх нь маш буруу. Нас насанд нь, хүү охиныхоо хүйсэнд тохируулаад ярих хэрэгтэй. 

Секс бол зөвхөн бэлгийн харилцаа биш, энэ бол эр эмийн дотносол юм. Хүүхдийнхээ хажууд эцэг эхчүүд нэгнийгээ үнсэх, тэврэх нь хүртэл хүүхдэд энэ талаар зөв мэдээллийг хүргэж байдаг. Манайхан энэ бүхнийг зөвхөн унтлагын өрөөнд болдог үйл явдал юм шиг бодож, хүүхдүүдийнхээ хажууд төлөв төвшин, зарчимч аав ээж болж харагдахаа илүүд үздэг. 

Нөгөөтэйгүүр бага насны хүүхдэд бэлэг эрхтэн нь хаана байдаг, бусад хүн түүнд хүрч болохгүй гэх мэтчилэн зааж эхэлснээр хүүхэд аав, ээжтэйгээ нээлттэй болж, өсвөр насанд хүрэхдээ энэ сэдвээр чөлөөтэй ярилцдаг болно. Түүнээс 16 нас хүрэнгүүт нь нэг л өдөр “Заа одоо бэлгийн амьдралын талаар ярья” гэвэл хүүхэд ярихгүй шүү дээ.

Ээжүүд хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй ярилцдаг, аавууд бол ээжтэй нь хэрхэн хандаж, хайрлаж байгаа биеийн хэлэмжээрээ үлгэр дуурайлал болж, зааж байдаг. 

Н.О: Таны амьдралд дотно харилцааны ямар нэг асуудал тулгарч, түүнийгээ даван туулж байв уу?

Т.Т: Би 19 насандаа найз залуутай болоод, удалгүй гэрлэсэн. Тухайн үед би бэлгийн амьдралын талаар мэдлэг хомс байсан. Хичнээн гэрээ цэвэрлээд, хүүхдээ сайн хараад, нөхрөө орой ирэхэд нь кинон дээр гардаг төгс эмэгтэй шиг угтдаг байсан ч нөхөр бид хоёрын харилцаа хөндий байх болсон. Ингээд хамтын амьдралын 5 дахь жил дээр бэлгийн амьдрал болохгүй байсныг ойлгож, энэ талаар маш их уншиж судалж билээ. Аажмаар би өөрийгөө ойлгосон, юунд дуртайгаа мэдсэн, яавал надад сайхан байдгийг олж нэг ёсондоо шийдлийг олсон. Нээлттэй байж чаддаггүй байсан маань гол алдаа байсан байна лээ. 

Бэлгийн амьдрал гэдэг эмэгтэй хүний ааш аалинд, өөртөө итгэх итгэл, эмэгтэйлэг байдалд ямар их нөлөө үзүүлдэгийг ойлгодоггүй, энэ бол зүгээр эхнэр нөхөр болсон хүмүүсийн заавал  хийх ёстой зүйл л гэж бодож явсан. 

Н.О: Эр эм хоёрын бэлгийн амьдралын зохицол гэж зүйл бий юу?

Т.Т: Бэлгийн боловсролтой хүн зохицол сайтай байдаг. Зохицолтой хосын цаашдын амьдрал бат бөх байдаг. Хүүхдийг багаас нь хүйсийг нь таниулж, эсрэг хүйсийн хүнтэй харьцаж сургах хэрэгтэй.  Онгон бай, гэрлэх хүнтэйгээ л бэлгийн харилцаанд ор гэдэг энэ хатуу ойлголтыг одоо үед зөөллөж, аюулгүй харилцаанд орж, бусдыг болон өөрийгөө таних, өөрт тохирох хүнээ олох боломжийг олгох нь гэр бүл салалтыг багасгана гэж боддог. 

Н.О:  Бэлгийн харилцаандаа маш мундаг залуу, эсвэл бүсгүй гэж байх уу? Энэ байгалийн өгөгдөл үү, эсвэл тухайн хүн энэ талаар их мэдлэгтэй, уншиж судалж, өөрийгөө хөгжүүлсэн гэсэн үг үү?

Т.Т: Ямартай ч энэ тал дээр маш муу хүн гэж байхгүй. Уншиж судлаад, өөрийгөө таньж мэдээд, хөгжүүлж чадвал хүн бүр сайжрах боломжтой. 

Н.О: Эмэгтэйчүүд эмэгтэйлэг, ялдам байдлаа яаж тордож, хадгалж явах вэ?

Т.Т: Эмэгтэй хүн бүрт эмэгтэйлэг ааль байдаг. Гэвч бидний ганц алдаа бол нийгмээс өгөөд байгаа тодорхойлолт болох “Сайн ээж, сайн бэр, сайн охин байх” ойлголтондоо хашигдаад тэр гоё эмэгтэйлэг аалиа бүдгэрүүлээд байдаг. 

Нөгөөтэйгүүр Монгол гэр бүлүүд хэт хүүхэд төвтэй байдаг. Хүүхдээ л сайн сургуульд оруулж, сайн хүн болгох нь амьдралын зорилго болгочихоор эмэгтэй хүн өөрийгөө гээгээд нэг бол хүүхэд, эсхүл нөхрөө гэсэн тойрогт орчихдог. Эхнэр нь хүүхэдтэйгээ унтдаг, нөхөр нь тусдаа унтдаг гэр бүлүүд олширсон. Хамт унтахад эр эм хоёр энергиэ солилцож, шүргэлцэж, хүрэлцэж дотносч байдаг. 

Бид эмэгтэй хүн байж байгаад эхнэр болоод дараа нь ээж болсноос биш  анхнаасаа л ээж байгаагүй шүү дээ. Тиймээс эмэгтэй хүн гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. 

Нөхөр нь сарнай аваад ирэхэд оронд нь кг мах аваад ирэхгүй дээ гэж харамссаар, эмэгтэй хүн өөрийгөө үнэ цэнэгүй болоход нөлөөлж, эхнэр, ээж гэсэн дүрдээ илүү орж байдаг. 

Н.О: Яг одоо бидэнтэй хамт байгаа бүсгүйчүүддээ цор ганц яг одоо хэрэгжүүлж болох зөвлөгөө өгөөч гэвэл?

Т.Т: Би түрүүн ч хэлсэн, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, подкастаар “Эмэгтэй хүн л ийм байх ёстой, ингэж байж л сайн эхнэр” болно гэж дандаа эмэгтэйчүүд рүү хандаж хэлдэг. Гэтэл эрэгтэй хүн гэж бас бий шүү дээ. Эрэгтэйчүүд бас мэдлэг мэдээлэлтэй байгаасай, эхнэрээ ойлгох гэж илүү хичээгээсэй гэж хүсдэг. 

Н.О: За баярлалаа. Таны удахгүй хэвлэгдэн гарах номонд нь амжилт хүсье.

Т.Т: Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.