Цаг үеийн мэдээ

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Номын сангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Б.Баяраа нар Үндэсний номын санд ажиллаж, шинэ барилгад нүүж орох бэлтгэл болон ашиглалтын төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт барьж буй Үндэсний номын сангийн 11 давхар, 9948,2 шоо метр  талбай бүхий шинэ байр 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шинэ номын сан ашиглалтад орсноор 450 хүний суудалтай байх бөгөөд харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм. Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нэвтрүүлж ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэнэ.

Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөөд байна. Харин хуучин номын сангийн төв байраа монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх юм байна.