Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад 46 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрээр: "Одоо авах гэж байгаа зээлийн зорилго вакцин авах юм байна. Энэ оройтож байгаа юм биш үү? Бид хэлж байсан. 10, 11 сард вакцинаа аваач ээ. Мөнгө төгрөгөө төсөвтөө тусгаач ээ. Гэтэл энэ биелэгдээгүй. Тухайн үед Израиль шиг ажиллаж еврей хүмүүсийн хийлгэж байгаа вакциныг хийх хэрэгтэй гэж би хэлж байсан. Монгол гурван сая хүн амтай. Үүний 60 хувь нь сая гаран л хүн байгаа. Энд 85-90 хувийн үр дүн үзүүлж байгаа BioTech болон Pfizer вакциныг хийлгэх хэрэгтэй. Энэ хугацаанд янз бүрийн вакцин хийж ирлээ. Манайх  ДЭМБ хүлээн зөвшөөрч баталсан вакцинаар дархлаажуулна гэсэн хуультай. Одоо ямар вакцин яаж хийгээд байна вэ? Энэ хуулийнхаа дагуу явж чадаж байна уу? Энэ мөнгөөрөө гэрээ хэлцэл хийсэн үү? Ямар вакцин авах вэ? Одоо бол энд тэндхийн үлдэгдэл вакцинаар, хандиваар оруулж ирсэн, Монголын ард түмэнд  бусад ард түмнээс тусалсан ийм вакциныг хийж байгаа. Үүнд бодлого, зорилго, чиглэсэн зүйл байна уу? Энэ бүхэн урсгалаараа яваад байна. Хэн зээл өгнө гэсэн газраас авч байна. Хэн хандивлаж байна тэр вакцинаас авч хийж байна. Бүхэл бүтэн улс орон, засгийн газар ийм байж болохгүй шүү дээ" гэлээ.