Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн 2021 оны аварга шалгаруулах тэмцээн даваа гарагт /2021.10.25/ Серби улсын нийслэл Белград хотноо эхэллээ.

Өнөөдөр тус тэмцээний 51 кг, 80 кг жингийн тулаанаар үргэлжлэх бөгөөд 51 кг-д КУХМ Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзада хэмээх боксчинтой тулалдахаар таарсан. Масуд 25 настай. Мэргэжилд нэг тулалдаж, ялалт байгуулсан юм байна. Тэд сарын өмнө Москвад болсон Армийн ДАШТ-д таарч, Монголын боксчин Х.Энхмандах ялж байв.

Тэрбээр Ю.Масудыг ялбал, Пуэрто-Рикогийн тамирчин Янкиэл Ривэра /Yankiel Rivera/, Шотландын Леннон Маллиган нарын хэн ялсантай тулалдах юм.

“Белград-2021” ДАШТ-ий эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдсөн бөгөөд 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай эн тэнцүү тулалдан, түүнд шүүгчдийн 100 хувийн саналаар 0:5-аар ялагдсан юм.

Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг Гватемалийн тамирчин Карлос Тобартай  тулалдаж, түүнийг 4:1-ээр илүүрхэн  яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Италийн Винченцо Манджакапретэй хүчээ сорино.