Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталсан. Улмаар Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг 92.9 хувийн саналаар томилохыг дэмжиж байв.

Харин 2021 оны зургадугаар сарын 30-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар З.Батбаярыг эгүүлэн татаж Монгол улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар С.Баатаржавыг томилсон. Энэ томилгооны дагуу Элчин сайд З.Батбаяр нутаг буцаж, шинэ Элчин сайд ажлаа авчээ.

Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд асан З.Батбаяр "Энэ л буянтай сайхан байшинд таван жил сайхан ажиллалаа. Энэ хооронд олон ч шинээр төрсөн хүүхдүүд, шинэ гэр бүлийг мөн л энэ сайхан байшинд бүртгэж, гэрчилгээг нь гардуулж өгч ирлээ.

Энэ сайхан байшинд ажиллаж, олон сайхан Монголчуудтайгаа хамтран Ковид-19 халдварын хүнд хэцүү үеийг давж, олон сайхан ажлуудыг хамтран хийсэндээ баяртай байна. Элчин сайдаар ажиллах энэ хугацаанд үргэлж дэмжиж хамтран ажиллаж ирсэн элэг нэгт монголчууддаа, халуун дулаан үг, урмаар тэтгэж ирсэн Та бүхэндээ, шүүмжилж, загнаж, хатуу үгээр ташуурдаж ирсэн хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бүхэндээ маш их баярлалаа.

Яг одоо эх нутгийн зүг жолоо залах энэ мөчид Та бүхнээрээ, хамтран хийсэн ажлуудаараа, үр дүнгээр, Унгар дахь болон Европ дахь Монголчуудаараа, цаашлаад туурга тусгаар Монгол улс, эх нутгаараа бахархан зогсоно" гэж цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцжээ.

Шинээр томилогдож буй Элчин сайд Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн хуульч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

Тэрбээр сүүлд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан.