Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих анги Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан “Монголын нууц товчоо”-г зүү ороон монгол бичгээр оёулж, даавуун ном бүтээжээ. Энэхүү бүтээлийг тус ангийн хүмүүжигчид урласан байна. 

Эртний 1395 үг хэллэгийн түгээмэл тайлбар, мялаалга үг бүхий 588 нүүр хуудастай тус номыг Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа хянан тохиолдуулсан бөгөөд тус номыг хоёр жилийн хугацаанд урлаж, Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгүүлжээ.  

Уг бүтээлийн хуудас нэг бүрийг монгол тоогоор дугаарлан зарим бүлгийн төгсгөлийн нүүр хуудсанд үндэсний зан заншил, сүсэг биширлийг илтгэсэн дүрс чимэглэлийг зүү ороон оёж, мялаалга үгийн тэргүүнд номыг хүндэтгэн тавьдаг “Эрдмийн овоо эндээс эхлэв” гэсэн утга илэрхийллээр бадам цэцгийг хураангуйлсны тэмдэг бирга тавьжээ.

Гадар хайрцаг нь дотроо 12 бүлгийг бүлэг бүрээр байрлуулах, 12 тасалгаа бүхий нүүрэндээ эх номын нүүрний “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” хэмээх бичлэг, чимэглэлийг хэвээр буулган, номын хайрцагны арын нүүрний төв хэсэгт 45 см дөрвөлжин тамганы дардас бүхий зайн дотор “Чингис хаан Гүр иргэний хувь хувилсныг зарга, заргалсныг, хөх дэвтэрт бичиг бичиж, дэвтэрлэж, ургийн урагаа хүртэл Шихи Хутугу-гийн надад эетэж, ёсолж, хөх бичиг цагаан цагаалсанд /цаасанд/ дэвтэрлүүлснийг бүү егүүтгэтгүгэй. Егүүтгэхүн аран /хүмүүс/ алдартан болтугай” хэмээсэн Эзэн богд Чингис хааны зарлигийг есөн мөрөнд багтаан буулгаж, төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хээ болон уламжлалт хээн чимэглэлийг товойлгох, сийлбэрлэх аргаар урлан, орчин цагийн номын нийтлэг хэлбэр дүрсийг хайрцгийн ерөнхий хэлбэрт шингээн бүтээжээ.