Цаг үеийн мэдээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан Төв аймгийн Баян сумын харъяат, Багануур ХК-ийн Уулын 2-р хэсгийн өрмийн машинч, Аймгийн хурц, бадрангуй арслан Ю.Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2022.03.17-ны өдөр Уурхайчин спорт цогцолборт боллоо. 

Багануур ХК, Багануур дүүргийн ЗДТГ, ИТХ, “Нүүрэнтэйн хүчтэн” үндэсний бөхий холбоо хамтран зохион байгуулсан энэхүү барилдаанд Увс, Ховд, Дундговь, Хэнтий, Төв зэрэг аймгуудаас  аймгийн цолтой хүчит бөхчүүд олон ирж барилдсан юм. Сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа заалны барилдаануудад тогтмол амжилттай барилддаг, улсын цолонд ойрхон бөхчүүд Ю.Батчулуун арсланг хүндэтгэн ирж барилдсанд  зохион байгуулагчид хийгээд бөх сонирхогч, үзэгчид талархалтай байв. 

Ю.Батчулуун арслан үндэсний бөхөөр барилдахаас гадна жудо бөхөөр амжилттай хичээллэж УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монгол улсын залуучуудын шигшээ багт барилдаж явсан жудо бөхийн спортын мастер цолтой Багануурчуудын, Багануурын уурхайчдын бахархал болсон бөх. Тэрээр 1992 онд Аймгийн начин, 1993 онд Аймгийн арслан, 1999,2005 онуудад түрүүлж Аймгийн хурц, бадрангуй цол хүртсэн юм.

Ю.Батчулуун арслангийн нэрэмжит барилдаанд Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун болон захирлын зөвлөлийн гишүүд, Багануур дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, Төв аймгийн Баян сумын нутгийн захиргааны удирдлагууд, Багануур дүүргээс төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүд, ажлын хамт олон, төрөл төрөгсөд нутгийн зон олон нь ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

Газар газраас ирсэн хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөх Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Увс аймгийн Увс нуур дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэж, Аймгийн арслан Г.Баянмөнх, Аймгийн арслан Б.Тогтохжаргал нар шөвгөрлөө.