Цаг үеийн мэдээ

Тархины судасны хатуурал, түүний сөрөг нөлөө болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдрэлийн эмнэлзүй төвийн мэдрэлийн эмч мэдээлэл хүргэлээ.

УНТЭ-ийн мэдрэлийн эмнэлзүй төвийн мэдрэлийн эмч, АУ-ны магистр , Мэдрэлийн ахлах зэргийн эмч Б.Саруулцэцэг: “Тархины судасны хатуурал гэдэг өөхний хатуурал гэсэн утгатай ихэвчлэн артерийн судасны  өөрчлөлт буюу том болон дунд артерийн судсанд илэрдэг.

Энэхүү тархины судасны хатуурал нь идэр наснаас эхлээд  урт хугацааны явцад аажим аажмаар явагддаг. Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгадаг, хэт таргалалт, чихрийн шижин, цусны даралт өндөр байх зэрэг хүчин зүйлс энэхүү өвчний суурь шалтгаан болдог.  

Хэвийн судасны дотор талд өөхөн давхарга үүсч, аажимдаа товруу болж, товруу нь шохойжиж, цусны эсүүд наалдсаны улмаас судас нарийсч, бөглөрөл үүсэх гол шалтгаан болдог.

Нөлөөлөх хүчин зүйлс: Хорт зуршлууд, удамшил, эрүүл бус хооллолт, цусны даралт өндөр байх, хөдөлгөөний дутагдал зэрэг нь тархины судасны хатуурлыг үүсгэхэд нөлөөлдөг.

Тархины судасны хатуурлаас танин мэдэхүйн эмгэг, тархины харвалт, уналт таталтын өөрчлөлтүүд илэрдэг. Тархины судасны шалтгааны улмаас тархины харвалт үүсдэг. Цустай болон цусгүй гэсэн хоёр төрлийн харвалт үүсдэг. Хөгжилтэй оронд жилийн өвчлөл нь  10 мянга хүн тутамд  100-300 тохиолдог бол Монголд 100 мянгад 290 хүн өвчилдөг, хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал тэн хагасаас илүү буюу 75 хувь нь хөдөлмөрийн чадамжаа алддаг гэсэн үзүүлэлт байна. 

Амьдралын зөв хэв маяг болон архаг хууч өвчингүй, давс сахарын хэрэглээг багасгах мөн хорт зуршлаас ангижрах нь тархины судасны хатуурлаар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Насны хувьд тогтсон үзүүлэлт байхгүй амьдралын буруу хэв маягаас үүдэн хэдэн ч настай хүн өвдөж болно.  Тийм учраас эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маягаа өөрчилбөл ямар нэгэн өвчин эмгэг тусах эрсдэлийг багасгана” гэлээ.