Цаг үеийн мэдээ

Ямар нэгэн хүнсний улмаас дархлаа тогтолцоо зохисгүй, хэтрүүлсэн урвал үзүүлэхийг хүнсний харшил гэнэ. 

Гол төлөв харшил төрүүлэгч хүнсийг хэрэглэсний дараагаар хоолой, уруул, ам хавдаж, улаан тууралт гарч загатнах шинж тэмдгээр илэрнэ. 

Хүнсний харшлын бараг 90%-ийг дараах хүнсний бүтээгдэхүүн үүсгэдэг. 

Сүүний харшил: Хэрэв та сүүний харшилтай бол арьс бэржийх, бөөлжих зэрэг урвалууд илэрч болох бөгөөд сэргийлэх цорын ганц зам гэвэл сүү, сүүн бүтээгдэхүүнээс хатуу зайлсхийх хэрэгтэй. 

Өндөгний харшил: Ялангуяа өндөгний цагаанаас үүдэлтэй харшил нь илүү тохиолдоно. Хүүхдэд насанд хүрэгчдээс олон тохиолддог бөгөөд хүнд, хөнгөн байдлаар урвал явагддаг.

Улаан буудайн харшил: Хэрэв та улаан буудайн харшилтай бол ходоод гэдэс хямрах, арьсан дээр тууралт үүсэх, хамрын нусгай, амьсгалын багтрааны шинж тэмдэг илрэх ба үүнээс сэргийлэх цорын ганц зам нь гурил, гурилан бүтээгдэхүүнээс зайлсхийх явдал юм.

Газрын самрын харшил: Ийм харшилтай хүнд тун бага хэмжээний газрын самар агуулсан хоол хүнс хэрэглэхэд харшлын урвал үүсдэг. Тийм учраас хэрэглэгчид хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа савлалтын шошго дээр газрын самар агуулсан эсэхийг заавал хянах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхийн тулд газрын самар агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь чухал.

Загасны харшил: Эмч таныг яг ямар төрлийн загаснаас харшилтайг тодорхойлсон бол та тэр төрлийн загасыг хоолны цэсээсээ хасах хэрэгтэй. Загасны харшилтай хүмүүс бүх төрлийн загаснаас зайлсхийх шаардлагагүй.