Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Канадын “Лаурел мэс заслын сан”-гийн төслийн удирдагч Хью Парсонсыг /2023.10.06/ Төрийн ордонд хүлээж авч уулзан тус сангийн дэмжлэгтэйгээр Монголын эмнэлгүүдэд хэрэгжиж буй нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслийн талаар болон цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. 

Сургалтаар дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой “Лаурел мэс заслын сан” 1988 онд байгуулагдсан. Манай улсад 2015 оноос хойш тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн БОЭТ зэрэг байгууллагатай хамтран ажиллаж Монгол-Канадын эмнэлгийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

Төслийн удирдагч ноён Хью Пайнаас Бритиш Золумбиагийн их сургуулийн Нүд судлал ба харааны шинжлэх ухааны тэнхимийн профессор бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

Түүний удирддаг төслийн хүрээнд нүдний торлог шилэнцрийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэж, тухайн чиглэлийн мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжтэй өрөөг 1.2 тэрбум төгрөгөөр байгуулсан. Сүүлийн долоон жилийн хугацаанд 10000 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 2000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн зэрэг олон ажлыг дурдаж болно. 

Тэрбээр нүдний өвчлөл хотыг бодвол хөдөөд ихэссэн, монголчуудын дунд болор цайх, нүдний даралт ихсэх өвчин элбэг байгаа бөгөөд чихрийн шижингийн улмаас хараагүй болох тохиолдол их байгаа ч орон нутгийн эмнэлгүүд нүдний иж бүрэн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хомс гэж байв. Тиймээс нүдний мэс заслын эмч бэлтгэхэд анхаарч,  резидентийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан чадвартай нүдний мэс засалчдыг бэлтгэн орон нутагт ажиллуулахыг зорьж буйгаа ярьсан юм.