Цаг үеийн мэдээ

Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв хамтран Гэмтэл согог судлалын XXV эрдмийн чуулганыг “Эрүүл иргэн-Эрсдэлгүй үйлчилгээ” уриан дор энэ сарын 5-6-нд амжилттай зохион байгууллаа. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чуулганы нээлтэд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нар оролцож эрдмийн чуулганы төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ удаагийн чуулганд ОХУ, Энэтхэг, ХБНГУ-аас эрдэмтэн, судлаачдаас гадна Улаанбаатар хот, орон нутгийн нийт 160 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтнүүд оролцов.

Чуулганаар гадаадын зочин профессорын дөрөв, дотоодын эмч, судлаачдын 19 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд эрдэмтэн, судлаачдын 51 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарлаа.

ШИЛДЭГ ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨРӨЛД:

ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч Б.Баттөгс “Бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс заслын дараах кинематик шинжилгээ”

ДЭД БАЙР: ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн их эмч А.Чинцэцэг “Тархи дарагдлыг чөлөөлөх зорилгоор гавлын ясыг том хэмжээтэй авч хэвлийн урд хананд хадгалсан мэс заслын үр дүн”

ГУРАВДУГААР БАЙР: Дархан-Уул аймгийн Нэдсэн эмнэлгийн их эмч Э.Нямбаатар “Шарханд ялтас эсээр баялаг сийвэнгийн тарилга эмчилгээний үр дүн”

ШИЛДЭГ CASE REPORT ТӨРӨЛД:

ТЭРГҮҮН БАЙР: ГССҮТ-ийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Цэрэндорж “I-р зоны түвшинд тасарсан хурууг эргүүлэн залгах мэс засал эмчилгээний тохиолдол”

ДЭД БАЙР: ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Т.Отгонболд “Ясны хэсэгчилсэн дутмагшил бүхий халдварлагдсан ил хугарлыг маскелетийн мэс заслын аргаар эмчилсэн үр дүн”

ГУРАВДУГААР БАЙР: ГССҮТ-ийн Халдварын хяналт сэргийлэлтийн албаны дарга Т.Сүхболд “ГССҮТ-ийн эмч, ажилчдын В гепатитын тархалт, дархлаажуулалт,  дархлаа тогтоцыг үнэлэх нь”

ГЭМТЭЛ СОГОГИЙН ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ:

ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Оюунжаргал

ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ:

“Асралт мед” эмнэлгийн их эмч Ц.Оюунбаяр

ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ГЭМТЭЛ СОГОГИЙН МЭС ЗАСАЛЧ:

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн эмч Б.Ганхүрэл нар шалгарлаа.