Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн зарлан 2008 оноос хойш дэлхийн улс орнууд тэмдэглэж хэвшсэн.

Жил бүрийн энэхүү өдрөөр дэлхийн сая сая хүнийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон кампанит ажлыг зохион байгуулдаг бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад үйл ажиллагааг чиглүүлдэг. 

Энэ жилийн “Дэлхийн гар угаах өдөр”-өөр  ЭМЯ, бактерийн эсрэг хамгаалалттай гарын саван үйлдвэрлэгч “Юнилевр” компани “Нано интернэшнл”-тэй хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн 142 дугаар сургуулийн гуравдугаар ангийнхны дунд “Гар угаах” өдөрлөг зохион байгуулсан. 

Хүүхдүүдэд гар угаах зөв дадал суулгах зорилготой өдөрлөгт оролцсон хүүхдүүдэд гараа хэрхэн зөв угаах талаар сургалт явуулж, бохир гараас үүдсэн өвчний талаар мэдээлэл өгч, хүүхэд бүрд гар арчилгааны багц бэлэглэж, гар угаахын ач холбогдлыг илэрхийлсэн зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг скүтер, зургийн хэрэгслээр урамшууллаа. 

 Өдөрлөгийн үеэр томчууд өөрийн биеэр хүүхдэдээ гар угаах дарааллыг зааж, ач тусыг таниулах нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг  бүрдүүлдгийг ярьж энэ талын сургалт сурталчилгааг түлхүү хийхийг багш нарт зөвлөж байлаа. 

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ  хамгаалахад  оруулж буй том хувь нэмэр юм. 

Гараа савандаж угаахад 3.35 ам.доллар зарцуулж байгаа нь ариун цэврийн байгууламжийг сайжруулахад зарцуулж буй 11 ам.доллар, усан хангамжид зарцуулж буй 200 ам.доллар, дархлаажуулалтад зарцуулж буй мянга мянга ам.доллартой ижил хэмжээний эрүүл мэндийн үр ашгийг үзүүлдэг байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.