Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Канад Улсын Стандартын зөвлөл хооронд хамтран ажиллах тухай гэрээг Оттава хотноо 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулав.

Гэрээнд монголын талаас Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, канадын талаас Канадын Стандартын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Шантал Гий нар гарын үсэг зурав.

Дээрх баримт бичгийг байгуулснаар байгаль, газар зүй, уур амьсгалын хувьд Монгол Улстай ижил төстэй Канад Улсын дэвшилтэт стандартыг нутагшуулах, цаг агаарын хүйтэн нөхцөлд тэсвэртэй барилга, авто зам, гүүр, дулааны алдагдал багатай технологийг нэвтрүүлэх, Канадын Стандартын зөвлөлөөр итгэмжлэгдсэн стандарт боловсруулагч олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, стандарт боловсруулах үйл ажиллагаандаа харилцан туршлага, мэдлэг солилцох, стандартчиллын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад ач холбогдолтой.