Цаг үеийн мэдээ

Олон улсын валютын сангийн /OУВС/ тэргүүн Кристалина Георгиева Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас хэдхэн цагийн өмнө ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл Украинд 15.6 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөрөөс 900 сая ам.доллар олгохыг зөвшөөрчээ.

К.Георгиева Украины Ерөнхийлөгчтэй Вашингтон хот дахь ОУВС-гийн төв байранд нэг цаг орчмын турш уулзах үеэрээ ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл нэг улсыг эс тооцвол Украиныг дэмжиж буйгаа санал нэгтэй илэрхийлснийг түүнд хэлсэн гэж сангийн төлөөлөгчид мэдээлэв.

Гүйцэтгэх зөвлөл энэ оны эхээр баталсан дөрвөн жилийн хугацаатай Extended Fund Facility зээлтэй холбоотой Киевийн ахиц дэвшлийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцсэний дараа өнгөрсөн сард Украины эрх баригчидтай тохиролцсон гэрээг баталжээ. Энэ нь 900 сая долларын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлж, ОУВС-гаас энэ онд Украинд олгох нийт санхүүжилтийг 4.5 тэрбум ам.долларт хүргэсэн байна.