Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-нд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.

Монгол Улс, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлах  зорилгоор  ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монгол Улсад энэ сарын 25-наас айлчилж байна.  

Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайдын ажлын айлчлалын багт Улаан-Үд хотын Цөмийн анагаах ухааны төвийн орлогч захирал Т.Иванова, улсын төсөвт эм ханган нийлүүлэх “Бурядфармация” байгууллагын ерөнхий захирал Б.Цыренов, Москвагийн Анагаах ухааан, нүүр ам судлалын их сургуулийн Халдварт өвчин, эпидемиологийн тэнхмийн профессор Е.Климова, Буриадын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч  С.Баглаева болон тус улсын ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд багтсан.

Тэд өчигдөр /2024-02-25/-нд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажилласан бол өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Элэгний клиник, Гепатит, энтеровирусийн лаборатори, Бүрэн геномын шинжилгээ (NGS)-ний лаборатори зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж байна. Мөн үдээс хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд зочлон, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдтой уулзах юм.