Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Ташкентын их дуулга Узбекистан улсад болж байна. 68 орны 495 жүдоч оролцож буй тэмцээнээс Монголын шигшээ багийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам хүрэл медаль хүртлээ.

Л.Сосорбарам Германы Маша Балхаус, Мексикийн Паулина Мартинез, Киприйн Софиа Асвеста нарыг ялж хагас шигшээд шалгарсан ч Узбекистаны Гульхаяо Жураевад ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөө Японы Кокоро Фүжиширог ялснаар медалийн тавцанд зогссон. Л.Сосорбарам хамгийн сүүлд 2023 оны Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртсэн юм. Түүний жинд Францын Амандин Бушар түрүүлж, Их Британийн Челси Жайлс хүрэл медаль хүртсэн.

Ташкентын их дуулгад Монголын шигшээ багийн 15 тамирчин бүртгүүлсэн ч 14 нь зодоглосон бөгөөд одоогоор эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү 5-р байр эзлээд байна.