Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв. 

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпорац, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа. 

Наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин О.Түмэн, Д.Тогтохжаргал, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдэв. 

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан Д.Багахүү начинд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхон, үе тэнгийн бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.  

Дараагийн долоо хоног буюу гуравдугаар сарын 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.