Цаг үеийн мэдээ

Израилын арми Газын зурвас дахь Аль-Шифа эмнэлэг рүү даваа гарагийн шөнө гэнэтийн довтолгоо хийсэн байна. Тус эмнэлэгт орогнож байгаа Палестины 30,000 иргэнийг хүмүүнлэгийн бүс рүү зугтаах сануулга өгсөн гэж Израилын батлан хамгаалах хүчин мэдэгдэж байгаа ч гэрчүүд эмнэлгийг хэдийн бүсэлсний дараа зугтах тушаал өгсөн гэж мэдэгджээ. 

Израилын армийн Газ дахь хамгийн том эмнэлэгт явуулсан агаарын болон явган цэргийн ажиллагааны үеэр 20 гаруй хүн алагдаж, террорист гэмт этгээдүүд гэж сэжиглэсэн 200 гаруй хүнийг баривчилсан байна. Ажиллагааг мягмар гарагийн шөнө хүртэл үргэлжлүүлнэ гэж Израилын арми мэдэгджээ. 

Хэдийгээр дайны үед эмнэлгийн байгууламж руу довтлохыг олон улсын хуулиар хориглодог боловч Хамас бүлэглэл Аль-Шифа эмнэлгийг ашиглаж террорист ажиллагаа төлөвлөх, төлөвлөгөөг боловсруулах үйлдэл хийж байна гэж Израилын тал үзжээ. 

Аль-Шифа эмнэлэгт хийсэн дайралтын үеэр амь эрсэдсэн хүмүүсийн дүнд Палестины Хамас бүлэглэлийн дотоодын аюулгүй байдлыг хамгаалах байгууллагын тусгай ажиллагаа удирдсан дарга Файк аль-Мабхух байсныг Израилын арми мэдэгдсэн байна. Израил олон мянган өвчтөн эмчлүүлж, орон гэрээсээ дүрвэсэн олон мянган хүн орогнож байгаа байгууламж руу довтолсонд ДЭМБ, НҮБ-ын удирдагчид шүүмжлэлтэй хандаж байна.