Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Хандан хотод 13 настай хүүг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарчээ. Уг хэрэгт сэжиглэн хохирогч хүүгийн ангид хамт сурдаг өсвөр насны гурван хөвгүүнийг баривчлан саатуулсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Холбогдох мэргэжилтнүүд Ван хүүгийн цогцсыг хүнсний ногоо тариалж байгаад орхигдсон талбайд булсан байсныг олжээ. Global Times хэвлэлд нийтэлснээр хүү сургууль дээрээ бусдад хүчирхийлүүлж, дарамтлуулдаг байсныг аав нь ярьжээ. 

Цагдаа нар уг хэргийг бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэг гэж үзэн шалгалт, мөрдлөгөө үргэлжлүүлж байна. Хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан гурван хүүхэд 14-өөс доош настай байна. 

Хятадын хуулиар 12-оос дээш, 14-өөс доош насны хүүхдэд зөвхөн улсын дээд прокурор болох Ардын прокурорын зөвшөөрлөөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой ажээ. 

Уг хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Weibo, Douyin зэрэг цахим сүлжээнүүдэд тархаж олон арван мянган хэрэглэгч эмгэнэл, уур бухимдлаа илэрхийлсэн байна. Улс даяар уг хэргийг ажиглаж байгаа тул цагдаа нар шударга шийдвэр гаргаж, хохирогчийн ар гэрийнхний асуултад хариулж чадна гэдэгт итгэж байна хэмээн хэрэглэгчдийн нэг бичжээ. 

Хохирогчийн аавын хэлснээр хүү нь гуравдугаар сарын 10-ны өдөр сураггүй алга болжээ. Цагдаа нар хүүг алга болсон өдөр нас барсан гэж үзэж байна. Гуравдугаар сарын 10-ны өдөр 16:10 минутад хүүгийн гар утсаар нь дамжуулан дансанд нь байсан 191 юанийг сэжигтнүүд өөрсдийнхөө дансанд шилжүүлэн авч, гар утсыг нь унтраасан баримт олджээ. Цагдаа нарт баригдаад байгаа гурван хүү хохирогчийг удаан хугацааны турш дээрэлхэж, дарамталж байсныг аав нь гэрчилсэн байна. 

Эх сурвалж: BBC.com