Цаг үеийн мэдээ

Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд засварлахаар болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээллээ. 

Уг гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетон хийцтэй бөгөөд 1989 онд ашиглалтад орж байжээ. Одоогийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах тул иргэд хөдөлгөөн зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна.

Гурвалжингийн гүүр нь эвдрэл ихтэй, томоохон нүхнүүд үүссэн байдгаас хөдөлгөөний эрчим сулрах, замын зохиомол түгжрэлд үүсэх гэх мэт асуудал гардаг. 

Засварын хугацаанд тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхэн аль болох тухайн замаар зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсэж байна" гэлээ.