Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

"2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээр 341 хүнд коронавирус илрээгүй.

154 хүнд эмчилгээ, хяналт хийгдэж байна. Өнөө өглөө 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна. Гайгүй байх гэж бодож байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэлээ.