Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн халдвараас хамгаалах тусгай зориулалтын 5000 ширхэг хувцсыг худалдан авч, Улсын Онцгой комисст хандивлалаа.

Хандивын хамгаалах хувцсыг Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир  өнөөдөр гардуулж өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй 5,000 ширхэг хамгаалах хувцсыг хувиасаа хандивлаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хандив Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болно гэж итгэж байна.

Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1,200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Польш улсын компаниас худалдаж авах санал ирүүлсэн тухай надад танилцуулсан. Нэг талаасаа өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байгаа" гэлээ.