Цаг үеийн мэдээ

Хятадын Ухань хотод шинээр ажиллуулж байсан 11 түр эмнэлгийг хаасан нь өвчтнүүд олон тоогоор эдгэрч байгаатай холбоотой юм. Эргэн сануулахад өвчний тархалтын ид үед Уханьд 14 түр эмнэлгийг нээн ажиллуулж байжээ. Хятад улсын хэмжээнд даваа гарагт шинээр 40 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан тухай эх сурвалж мэдээллээ.

Итали улсад нэг өдрийн дотор коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 130-аар нэмэгдэж, нийт 366 боллоо. Нөхцөл байдалтай холбогдуулан Италийн Ломбарди муж болон өөр хэд хэдэн нутаг дэвсгэрт хөл хорих тогтоож, 16 сая хүн хөл хорионд тодорхой хэмжээгээр орж байгаа юм. Сүүлийн 24 цагийн дотор шинээр COVID-19 өвчний халдварын баталгаажсан тохиолдол шинээр 1247 бүртгэгдсэн нь 25 хувийн огцом өсөлт ажээ.

Саудын Араб улс зүүн хэсгийн Катиф мужид хөл хорио тогтоож, улсынхаа хэмжээнд бүх төрийн болон хувийн дунд сургууль, их сургуулиудыг хаасан байна. Иран улсад сүүлийн 24 цагийн дотор коронагийн улмаас нас барсан хүний тоо 49 бүртгэгдэж, нийт нас барагсдын тоо 194 боллоо. Иранд коронавирусийн баталгаажсан тохиолдол нийт 6566 болж, эдгэрсэн хүний тоо 2134-д хүрчээ.

Д.Жаргалсайхан