Цаг үеийн мэдээ

Венецийн Олон Улсын 80 дахь удаагийн кино наадам 2023 оны 8 дугаар сарын 30-аас 9 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Итали улсад зохион байгуулагдаж байна. Тус кино наадмын "Оризонти" уран сайхны кино хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” сонгогдон оролцож дэлхийн нээлтээ хийлээ. Венецийн кино наадмын захирал Алберто Барбера Монгол, Франц, Португал, Голланд, Германы хамтын бүтээл “Сэр Сэр Салхи” (City of Wind) уран сайхны киноны уран бүтээлчдийг 1500 хүний суудалтай Дарсен их танхимын хойморт угтан авч, хүндэтгэл үзүүлcнээр уг бүтээлийн дэлхийн нээлтийн албан ёсны үйл ажиллагаа эхэллээ.

Тус наадмын хөтөлбөр олон улсын уралдаант, залуу уран бүтээлчдийг дэмждэг Оризонти болон Венецийн сонгодог зэрэг нийт 6 хэсгээс бүрддэг бөгөөд энэ жилийн Оризонти хэсэгт Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Белги, Тунис, Непал, Шриланк, Швед, Голланд, АНУ, Швейцарь, Румын, Бразил, Гүрж, Португали, Япон зэрэг 20 гаруй олон улсын хамтарсан 18 бүтээл сонгогдон оролцож, наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдөж байна. “Сэр Сэр Салхи” бүтээлийг наадмын үеэр нийт 5 удаа толилуулж, 8000 гаруй үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Нээлтэд гол дүрийн залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ, ерөнхий зураач Н.Болор-Эрдэнэ, хувцасны стилист Г.Хорол-Энх, Монгол талын Ерөнхий продюсер Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсер Х.Оюундарь болон Соёлын яамны УУББХЗГ-ын дарга Б.Сэргэлэн нар оролцлоо. Кино нээлтээ хийсэн даруйд олон улсын кино шүүмжлэгчид, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох IndieWire, CineEurope, The Film Experience, Screen International сэтгүүлд шүүмж, нийтлэл гарч эхэлсэн бөгөөд Венецийн кино наадмын үзэгчид Монгол уран бүтээлчдэд үзвэрийн дараа болон Венец хотын гудамжинд олонтоо баяр хүргэж байна.