Цаг үеийн мэдээ

Цэргийн төв хэвлэлийн түүхт 100 жилийн ойд зориулсан "Улаан Од-Эх орны дуулал" шоу тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. 

Тоглолтод төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэжлийн урлагийн байгууллагууд болох Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Цагдаагийн "Сүлд", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын "Соёмбо" чуулгын уран бүтээлчид болон Төрийн соёрхолт алдарт "Хурд" хамтлаг, "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амараа, "Lemons" хамтлаг, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Наран, "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, ЦДБЭЦ-ийн гоцлол дуучин А.Болормаа нарын алдартан уран бүтээлээ толилуулснаас гадна "Соёмбо" редакцын ахлах редактор хошууч Д.Мэндбаяр "Хаврын шөнийн бодол" дуугаар үзэгч олондоо ая дууны эгшигэн цэнхэр хадаг барьсан юм.

Тус тоглолтыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага хамт олон, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид үзэж сонирхсон юм.