Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар Photo week-2024” буюу гэрэл зургийн долоо хоног үзэсгэлэн, арга хэмжээг “Гэрэл зураг-Миний нэрийн хуудас” сэдвийн хүрээнд 2024 оны гуравдугаар сард зохион байгуулахаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ. 

Уг арга хэмжээ нь МГЗНХ-ны гишүүн гэрэл зурагчид, тэдний шилдэг бүтээлийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр олон нийтэд таниулан сурталчлах, гэрэл зургийн үнэ цэн, үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм. 

Энэ арга хэмжээнд оролцохыг хүссэн гэрэл зурагчид товч намтар, сонгосон шилдэг 10 бүтээл, өөрийн хөрөг, уран бүтээлийн үндсэн зорилго, санааг тодорхой товч бичиж, хавсарган 2024 оны хоёрдугаар сарын 25-ны дотор МГЗНХ-ны Photoweek2023@gmail.com цахим хаягаар илгээх юм. 

/Ирүүлэх бүтээлүүд нь 2023-2024 онд авсан гэрэл зургууд байхыг анхаарна уу/

Та бүхний бүтээлийг “Ажлын хэсэг” хүлээн авч, нэргүйгээр, битүү дугаартайгаар Уран сайхны зөвлөлд шилжүүлнэ. Уран сайхны зөвлөл ирүүлсэн зургаас хянан сонгож, өнөөгийн монголын гэрэл зургийн өнгийг тодорхойлох бүтээлүүдийг шалгаруулж үзэсгэлэнд бэлтгэнэ.

МГЗНХ- ноос хэвлэлт, бусад зохион байгуулалтын зардлыг хариуцах ба шилдэг бүтээлээс түүвэрлэн цомог, каталог хэвлүүлнэ. 

“Улаанбаатар Photo week-2024” арга хэмжээ, шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 15-22-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд болно.