Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газарт 82 настай иргэн Г нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өчигдөр мэдээлсэн.

Уг иргэний талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга У.Болдоос тодрууллаа.

-82 настай иргэн сураггүй алга болоод эрэн хайж байгаа тухай мэдээлэл байна. Одоогоор эрлийн явц ямар байна вэ?

-Одоогоор олоогүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

-Уг иргэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд гэрээсээ гарсан гэх. Гэр бүл нь яагаад ингэж удаан хугацаанд мэдээлээгүй юм бол?

-Тухайн хүн тогтсон гэр оронгүй, олон дээгүүрээ явдаг. Хамаатан гэх хөгшин настай эхнэр, нөхөр хоёр л байдаг. Өөрөө удаан хугацаагаар ийш тийш явдаг болохоор ирчих байх, сураг гарах байх гээд мэдээлэл өгөөгүй юм билээ. Тэгээд ямар ч сураг гарахгүй болохоор нь манайд хандсан байна лээ. Бидэнд бол мэдээлэл  ирээд 2-3 л хонож байна. 

-Эрлийн баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Манай аврах, эрэн хайх анги ажиллаж байгаа. 

-Ямар нэгэн сураг гараагүй юу?

-Одоогоор ямар ч сураг гараагүй ажиллагаа үргэлжилж байна. 

С.ОТГОНБАЯР