Цаг үеийн мэдээ

Төв аймгийн замд зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөж 40 хүн осолдсон хэрэг гарчээ.

Уг ослын талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэгээс тодруулахад “Тус осолд 40 хүн осолдсон мэдээлэл байна. Үүнээс 18 хүн хүнд болон маш хүнд, хөнгөн бэртэл гэмтэл авсан. Газар дээрээ 1 хүн нас барсан. Маш хүнд гэмтэлтэй 5 хүн бий. Үүний хоёрыг нь ГССҮТ рүү шилжүүлсэн. Нэг нь яг одоо Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна. Осол гарсантай холбоотойгоор ГССҮТ болон Мөнгөн гүүр эмнэлгийн хоёр машинтай яаралтай тусламжийн болон нарийн мэргэжлийн эмч нар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллаж байгаа. Одоогоор бид ийм мэдээлэлтэй байна. Дахин мэдээлэл ирвэл цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх болно” гэв.

Харин Цагдаагийн ерөнхий газраас "2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн  тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, урьдчилсан байдлаар 2 иргэний амь нас хохирч, тухайн автобусанд зорчиж явсан 22 иргэн гэмтсэн.

Гэмтсэн иргэд эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна" гэх мэдээллийг өглөө.

ГССҮТ-өөс өгсөн нэмэлт мэдээллээр "Осолд 40 хүн өртсөнөөс 37 нь эмнэлгийн байгууллагад хандсан. 2 хүн нас барсан. Маш хүнд байдалтай 5 хүн байна" гэв.

С.ОТГОНБАЯР