Цаг үеийн мэдээ

“Оюутолгой” ХХК болон туслан гүйцэтгэгч компани болох “Хасу мегаватт”, “Даян контракт майнинг”, “Энка глобал констракшн”, “РЭДПАФ” зэрэг компанид ажиллаж байгаа монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар өчигдөр нэр бүхий хуульчид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Уг мэдээлэлд “Бидний зүгээс “Оюутолгой” компани нь туслан гүйцэтгэгчээр ажил хийлгэхдээ бага хөлс төлөөд байна уу, эсвэл туслан гүйцэтгэгч нь дундаас цавчаа хийгээд байна уу гэдгийг ч мэдэх аргагүй байна. Улсын нууц гээд мэдээлэл өгдөггүй. Улсын нууц нэрийн дор “Оюутолгой” ХХК хөдөлмөрийн мөлжлөг хийж байна. Жишээ нь,  “Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаад иргэний цалин сарынх нь 110 сая төгрөг байхад тус компанийн үндсэн ажилтан болох монгол хүний цалин 5-10 сая төгрөг. Харин туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн монгол ажилтны сарын цалин 2 сая төгрөг хүрэхгүй, зарим ажилтных нь цалин сарынх нь 745 мянган төгрөг байгаа.

Оюутолгой төслийн далд уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгыг барьж байгаа Турк улсын хөрөнгө оруулалттай “Энка глобал констракшн” компанид ажилладаг монгол ажилчдын цалин бага байгаа. Тендер шалгаруулалтад тус компани ялж, анх олон улсын жишгээр ажилчдаа цалинжуулахаар байсан ч “монгол хүн цалин өндөр байж болохгүй” гээд “Оюутолгой” компанийн зүгээс бууруулсан байдаг. Шалтгаанаа “Бусад компаниуд барьцаж байна. Бусад туслан гүйцэтгэгч компанид ажиллах монгол ажилтан олдохгүй нь” гэдэг шалтгаанаар цалинг бууруулсан болохыг албаны хүн хэлсэн” хэмээн мэдээлэв.

Уг мэдээллийг хийсэн хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл нэр бүхий хүмүүстэй холбогдсон баримтууд байгаа тул харуулах боломжгүй дурдлаа. Харин Оюутолгой ХХК-ийн монгол ажилчдын цалингийн хуулгыг харуулав. Мөн хуульчдын зүгээс өөрсдийн тайлбарыг хүргэлээ. Үүнд: Сүүлийн 4-5 жил цуглуулсан баримт нотолгоо бийг дурдаад төсөл удирдагч компани нь ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулахад оролцдог хэрнээ цалин, нийгмийн асуудалд нь оролцдоггүй, “танай компанийн асуудал” гээд орхидог. Мөн "Ослын талаар яръя. Саяхан 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нд шилжих шөнө 100 орчим уурхайчин угаартсан. Түүнээс 63 уурхайчин хөнгөн угаартсан гэдэг онош тавигдсан. Мөн 15 ажилтан нэмэлт амьсгалын аппарат зүүж амьсгалахад нь дэмжлэг үзүүлсэн. Ийм мэдээллийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өгсөн байна лээ. Тэнд зуу, зуугаараа хүн эрсдэх аюултай байхад “Оюутолгой” компанийн зүгээс үгүйсгэсэн. Хөдөлмөрийн яаманд ийм мэдээлэл өгсөн хэрнээ тийм зүйл болоогүй гэдэг байдлаар нууж байсан. Уурхайчид утсаар ярьж, чатаар зургаа илгээж, эмнэлэгт бөөнөөрөө хэвтэж байгаагаа мэдэгдсэнээр “Оюутолгой” компани шахалтад орж, үнэнээ хэлсэн.

Ажилчдаа “Энэ талаар олон юм ярих юм бол байхгүй болно шүү, хохино болно шүү” гэдэг.

Өмнө нь Covid-19 цар тахлын үеэр Оюутолгой төслийн ажилтан галзуурсан, гадаад ажилтан нь өрөөндөө амиа алдсан тохиолдол гарч байсан.  Сарын дотор таван хүн нас барж байсан. Хэвлэлийн байгууллага  “Оюутолгой” ХК болон Цагдаагийн ерөнхий газраас тодруулга авахаар үгүйсгэдэг хэрнээ Ханбогд сумын цагдаагаас асуухаар “тийм зүйл болсон” гэдэг. Тийм тусгаар байж болох юм уу” хэмээн мэдээлэв.

Энэ талаар Оюутолгой ХХК-ийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан З.Болороос тодрууллаа.

-Өчигдөр Оюутолгой ХХК-тай холбоотой ноцтой мэдээлэл хийлээ. Энэ талаар тайлбар өгөх үү?

-Угаарын асуудлаар ажилчид угаартсан зүйл болоогүй. Манайх албан ёсны вебсайтдаа энэ тухай мэдээллийг нийтлэсэн байгаа. Тэр асуудал машин өөрийгөө цэвэрлэх горим дээрээ тавиад, утаа гарсан. Түүнээс ажилчид угаартаагүй нь шинжилгээгээр тогтоогдсон. Утаа гарангуут ажилчдыг бүгдийг нь гүний уурхайгаас гаргаад шинжилгээнд хамруулсан. 

-Таван хүн нас барсан гэх мэдээллийг хэлсэн. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Нэг сарын дотор таван хүн нас барсан гэх утгатай зүйл ярьж байна лээ. Тийм зүйл огт болоогүй. 

-Хамтран ажиллагч байгууллагуудын цалин бага, нэмэлт урамшууллуудыг боддоггүй гэх зүйлүүд ярьсан. Үүнд тайлбар өгөөч?

-Туслан гүйцэтгэгч компаниудын цалин хөлсийг Оюутолгой мэдэхгүй. Тухайн компани тусдаа хуулийн этгээд. Өөрсдийн бүрдүүлж байгаа хүний нөөцтэйгөө тусдаа Хөдөлмөрийн гэрээг хийгээд, тухайн компани нь ажилд орж байгаа хүмүүстэйгээ цалин хөлс, урамшууллаа гэрээгээр тохироод авч байгаа. Тийм зарчмаар л явдаг. Түүнээс Оюутолгой гэрээт компанийн хөдөлмөрийн харилцааны болоод цалин тогтоох зэрэгт оролцоо байхгүй. 

-Ковидын үеэр нэг хүн галзуурсан, нэг хүн өрөөндөө нас барсан гэсэн?

-Тийм зүйл болоогүй. Хүмүүст буруу, зөрүү мэдээлэл өгөөд байна. Тэр талаар албан ёсны суваг дээрээ мэдээлэл оруулна. 

-Энэ бүх мэдээллүүдийн хариуд танай компанийн зүгээс нэгдсэн мэдээлэл хийх үү?

-Манайх угаарын асуудлаар тухайн үед нь албан ёсны вебсайтдаа мэдээлэл оруулсан. Тодруулсан хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллүүдээ өгсөн. Оюултолгой компанийн талаар ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна.  

-Тухайн мэдээлэл хийсэн хүмүүс танай компанийн хамтран ажиллагч байгууллагуудыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн үү. Энэ талаар танайд эхэлж мэдээлсэн зүйл бий юу?

-Тэр хүнийг ямар албан тушаалтайг мэдэхгүй. Өмнө нь Оюутолгойтой гэрээтээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүн. Компанийг төлөөлөх эрх бүхий хүн биш. 

С.ОТГОНБАЯР