Цаг үеийн мэдээ

ХҮН намаас нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга:

-"Суруга Монгол"-той холбоотой Х.Нямбаатарын ярьж байгаа асуудал бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Ам нээвэл уушиг нээ гэдэг. Тайлбар хийе. Би бол бизнесийн үнэлгээ хийж, санхүүгийн эрсдэл тооцдог мэргэжлийн хүн. Мэргэжлийнхээ дагуу маш олон төрийн болон төрийн бус байгууллагуудад удирдлагын түвшинд ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байна. CU, Tenger Daatgal гээд маш олон компанид үнэлгээ хийсэн. Тэдний нэг болох MGT компанид гүйцэтгэх захирлаар 2013 оны арванхоёрдугаар сараас 2016 он хүртэл ажилласан. Суруга Монголтой холбоотой хэрэг гэдгийг нь хайж үзлээ. Х.Нямбаатарын Хууль зүйн сайд байх даа сонинд өгч байсан ярилцлагад "Суруга Монголын гэх хэрэг 2012 оны хоёрдугаар сард гарсан хэрэг" гэсэн байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд ийм зөрүүтэй байхад өмнө нь ажиллаж байсан байгууллагатай дам сургаар холбож байна. Хууль зүйн сайд байсан хүн ингэж ярьж байгаа нь сүрдүүлдэг, дарамталдаг арга барилаар ажиллана гэдгээ зарласан үйлдэл гэж үзэж байна. Х.Нямбаатарыг үг хэлэхээр өөр шиг нь шазуураа зуудаг тийм хүн бол би биш. Биднийг сонгогчид хэрүүл хийж байгаад ир гэж сонгоогүй. Нийслэлд байгаа хулгайг зогсоох, хөрөнгө мөнгө нь иргэдийн амьдралд хэрэгтэй зүйлд зарцуулагддаг байгаасай гэдгийг хянаарай гэдэг үүрэг өгч сонгосон. Энэ ажлаа хийнэ. Худлыг мянган удаа давтавал үнэн болдог гэдэг зарчмаар явж байгаа бол хууль хяналтын байгууллагад хандана гэв.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаатар: -Намайг мөн гүтгэсэн. Сүрүга Монголын хэрэгтэй намайг холбосон. Хууль зүйн сайд байх даа ашигладаг байсан арга барил нь тэндээ л байдаг юм байгаа биз. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага руу энийгээ оруулж ирэхээ боль. Хотын даргаа хийж чадахгүй бол эрүүгийн цагдаагаа хий. Бодлогыг нь шүүмжилсэн хүн болгон руу дайрч, ноцож байдаг ийм арга барилтай хотын даргатай болсон доо харамсаж байна. Хэрвээ бидэн рүү өөрөө эхэлж ноцоод байвал би ч гэсэн дуугүй суухгүй гэлээ.