Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийх үеэрээ Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чактай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макао нь аялал жуулчлалд суурилсан хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа. 

Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод нэвтэрч буй Монгол Улсын иргэдийг хил, гаалийн нарийвчилсан шалгалт явуулж байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад нээлттэй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотгов. 

Макаод Монгол Улсын иргэн хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдсон асуудлаар хоёр орон мэдээллийг шуурхай солилцож, хамтын оролцоотойгоор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтойг мөн уулзалтын үеэр хэллээ. 

(БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чак хэлэхдээ Макаод аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг хэлээд аялал жуулчлал тулгууртай орны хувьд гадаад, дотоод жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарч ажилладагаа онцлов. 

Уулзалтын төгсгөлд талууд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хууль хяналт болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлж, таслан зогсоох чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах асуудлаар санал солилцов. 

Макаогийн хил, гаалийн хяналт шалгалт чангарсан нь Макаод ирж буй Монгол Улсын зарим иргэн гэмт хэрэгт холбогдож буйтай холбоотой. Сүүлийн 5 жилийн хугацаанд Макаод Монгол Улсын нийт 169 иргэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд олонх нь хулгайн гэмт хэрэг байна.