Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Штайнмэрийн өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай хоёр улс харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэхээр тохирсон билээ.

Энэ хүрээнд ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд эрхэмсэг ноён Др. Ф.Виссинг 2024 оны гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд өнөөдөр (2024.03.07) Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал түүнийг хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс Европ дахь чухал түнш, гуравдагч хөрш Герман Улстай хөгжүүлж буй харилцаандаа ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа Сайд Н.Учрал уулзалтын үеэр онцоллоо. 

Харин Сайд Др.Фолькер Виссинг хоёр орны цахим засаглал, мэдээлэл, харилцаа холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу МУ-ын цахим шилжилтийн ололт амжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайшааж өндрөөр үнэлэв. 

Герман Улсын хууль эрх зүйн орчин маш сайн бөгөөд Монгол улс хууль эрх зүйн техникийн туслалцааг салбар бүрд авдаг. Тухайлбал 2021 онд батлагдсан цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хуулиудыг боловсруулахдаа Герман Улсын хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, жишээ болгон ажилласан билээ.

Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах болон Монгол Улсад шуудангийн тээвэр логистикийн төв байгуулах зэрэг чиглэлээр болон IT Start up буюу мэдээллийн технологийн салбарын гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцлоо.