Цаг үеийн мэдээ

Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан кибер халдлага зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.

-Монгол Улсын кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

-Монгол Улсад хаягласан кибер халдлага, зөрчлийн нөхцөл байдлыг авч хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөг хуралдаанаар баталсан. Олон мянган иргэний хувийн мэдээллийг алдаж, хакеруудын хар зах /Dark web/ дээр зарагдаж байгаа тул хуулийн дагуу хянаж шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, халдлагаас цэвэрлэх үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан.

2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн. 83 хувь нь кибер залилан. Кибер орчинд халдлагууд маш ихээр бүртгэгдэж байна. 2020, 2021 онуудад кибер орчин дахь хар захад монгол иргэдийн мэдээллийг зарах зар байгааг илрүүлж хариу арга хэмжээ авсан байдаг. 2021 онд 2.3 сая монгол иргэдийн мэдээлэл, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллийг 700 доллараар зарсан. 2020 онд крипто буюу коиноор дамжуулан мэдээлэл зарж байгаа тохиолдол бүртгэгдсэн. Үүнд хариу арга хэмжээ авсан. Кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлаад хоёр жил ч болоогүй байгаа. Үл үзэгдэгч, дээрэмчидтэй бид яаж тэмцэх вэ гэдэг асуулт тулгамдсан асуудал боллоо. Хортой кодуудаар дамжин хувь хүний мэдээлэлд халддаг байдал бүртгэгдсээр байна. Иймд линкүүдэд дарахдаа болгоомжтой байхыг уриалж байна.

-Монгол иргэдийн мэдээлэл яагаад алдагдаж, хар зах дээр худалдаалагдсан бэ?

-Арилжааны нэг банк халдлагад өртсөн. Үүнээс улбаалан иргэдийн мэдээллийг хар зах дээр зарж байсан тохиолдлууд гарсан.

ББСБ-ын зээлийн аппликейшн халдлагад өртсөн. Улмаар хүний хувийн мэдээлэл алдагдсан. Хувийн нууц үг гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл алдагдсан тул цахим залилан хийх аюул заналхийлж байна. Адилхан нууц үг ашигладаг бол банк, санхүүгийн бусад платформууд дахь данс нь эрсдэлтэй болсон гэсэн үг.

Өнгөрөгч 30 жилийн хугацаанд кибер аюулгүй байдлын түвшин бэхжээгүй байлаа. Хувь хүний эрүүл мэнд зэрэг бусад мэдээллийг хүний эмзэг мэдээлэлд хамаатуулж тооцсон байдаг. Эдгээр мэдээллүүдийг холбогдох нэр бүхий аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб хуудсуудаар дамжуулан алдсан тохиолдол гарсан. Алдагдсан монгол иргэдийн мэдээллүүдийг хар зах дээр арилжаалж байсан гэсэн үг.

Кибер орчинд долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4000-5000 халдлага манай улс руу чиглэдэг. Төрийн мэдээллийн сан руу халддаг, залилангийн гэмт хэрэг нь хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас болдог. Янз бүрийн кодоор дамжуулан мэдээлэлд халдсан тохиолдол бүртгэгдсээр байна. Хар захад зарим нэр бүхий банкуудын мэдээлэл алдагдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарах тохиолдлууд гарсан тул хууль хяналтын байгууллагууд ажилласан. Үүнтэй холбогдуулан "Бод. Тэгэд товш" аяныг үргэлжлүүлж байна. Түүнчлэн ажлын хэсэг байгуулж иргэдийнхээ хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлж байна.

-Монгол Улс кибер аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдаг вэ?

-Кибер аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл хамгаалах багц хуулиудтай болж, Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд КАБЗ-ийг тэргүүлж, ЦХХХ-ны сайд, ТЕГ-ын дарга нар дэд даргаар нь ажилладаг. Кибер аюулгүй байдал, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх дүрэм журам, үндэсний тогтолцоо, стратеги, төлөвлөгөөтэй болж, мэргэжилтнүүдээ сурган бэлтгэж байна.

Цэргийн командлал, Үндэсний төв, Нийтийн төв гэсэн гурван байгууллага кибер аюулгүй байдлыг хамгаалж, халдлага, зөрчилд хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үүрэгтэй ажиллаж байна.