Цаг үеийн мэдээ

Өчигдөр цас орсны улмаас олон машин мөргөлдсөн осол гарсан. Уг ослын талаар тодрууллаа. 

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг мэдээлэхдээ “Өчигдөр зам тээврийн ослын шинжтэй нийслэлд 441, хөдөө орон нутагт 7 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Нийт улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 23 хүн гэмтэж, бэртэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал, цасан шуурга шуурсантай холбоотой замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэнээс дийлэнх зам тээврийн ослууд гарчээ. Энэхүү осол гэмтэлд хүүхэд холбогдсон дуудлага бүртгэгдээгүй” гэв. 

ТӨВ АЙМАГ БОЛОН ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 14 ХҮН ГССҮТ-Д ХҮРГЭГДЭН ИРЖЭЭ 

Ослын улмаас гэмтэж бэртсэн иргэдийн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Р.Мөнгөнцэцэгээс тодрууллаа.

2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас Төв аймгийн Баянчандмань хүртэлх автозам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон автозамын хөдөлгөөнд олныг хамарсан зам тээврийн осол болсон. Эдгээр ослоос үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж, тусламж үйлчилгээ авсан байна. Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх автозамын осолд өртсөн гурван иргэний 2 нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон автозамын осолд өртсөн нийт 11 иргэнээс 9 нь анхан шатны тусламж үйлчилгээ аваад буцжээ. Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн нэр болон нас, хүйс, гэмтлийн зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаарх мэдээллийг өглөө.  

С.ОТГОНБАЯР