Цаг үеийн мэдээ

2011 оны Стамбулын ДАШТ. Монголын тамирчин Д.Отгонцэцэг аваргын алтан медалийн төлөө Оросын бөх Замира Рахмановатай барилдаж байна. Барилдааны төгсгөлд тэрбээр мэх хийсэн ч шүүгч оноог нь өгсөнгүй, харамсалтайгаар ялагдсан билээ. Спортод байдаг булхай луйвраас болж Монгол улс эмэгтэй чөлөөт бөхийн 2 дахь аваргаа угтан авч чадаагүй билээ. Гэвч тэрбээр шантарсангүйгээр үл барам бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийсээр Лондоны олимпыг зорихоор болсон юм. Үндсэн жингээсээ бага жинд барилдсан Отгонцэцэг амжилт гаргаж чадаагүй ч тамирчин хүний мөрөөдөл болсон олимпийн наадамд оролцож үзсэн билээ. Түүний чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн түүх нь Дархан хотын 16-р сургуулиас эхтэй. Анх Ц.Баярсайхан багш нь сургуулиудаар явж хүүхдүүд сонгон авсан нь түүний амьдралын зорилгыг тодорхойлсон юм.
Олимпийн дараа хэсэг хугацаанд спортоосоо түр хөндийрөн, бяцхан үрээ тэвэрсэн тэрбээр алтан шаргал дэвжээндээ 2014 онд эргэн ирсэн билээ. Түүний мөрөөдөл бол эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилт үзүүлэх л байсан байдаг. Энэ онд гэхэд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртэн, Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон олимпийн бус жингийн ДАШТ оролцон хүрэл медаль хүртээд байна. Дархан хотын унаган охин тэрээр Ц.Баярсайхан багшийнхаа удирдлага дор хичээллэн, "Хасу мегаватт" клубийнхээ Анхны томоохон амжилтын эзэн нь болсон байдаг. Түүний араас Дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат, залуучуудын Дэлхийн аварга А.Батцэцэг, Даваахуяг гээд олон олон тамирчид Их спортын оргил өөд зүтгэж явна.


ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Даваасүхийн Отгонцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
---- Сайн байна уу? Сайн явж ирсэн үү?

Сайн сайн байна уу . Сайн явж ирлээ.


---- ДАШТ-ий Хошой медальтан болсонд баяр хүргэе.

- Баярлалаа. Энэ зунжингаа бэлтгэл хийсний үр дүн гарч Дэлхийн аваргаас медаль зүүсэндээ баяртай байна. Намайг энэ амжилтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн багшдаа болон "Хасу Мега Старс" клуб, "Хасу Мегаватт" компанийн хамт олон, Ж.Түмэн-Аюуш захиралдаа баярласанаа илэрхийлье.


---- Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай сонирхуулаач


     - Энэ жилийн ДАШТ-д оролцохын тулд дээд жиндээ барилдсан. Би 53 кг-д барилддаг. Олимпийн бус жингийн ДАШТ-д оролцохын тулд сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлж эрхээ авсан. ДАШТ-д нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Алёна Колесникийг ялаад, гуравдугаар тойрогт ДАШТ-ний мөнгөн медальт, европийн аварга, оросын Ирина Ологоновад 0:5 онооны харьцаагаар ялагдсан. Харин дагах барилдаанд германы бөх Ж.Шеллинийг 10:0 онооны харьцаагаар ялж, хүрэл медалийн төлөө беларуссын Катарина Г.Янушкевичтай барилдаж 10:0 харьцаагаар хүрэл медаль зүүлээ.


----- Оросын бөхийг ялах боломж байсангүй юу?


   - И.Ологоноватай энэ оны нэгдүгээр сард Красноярскт анх удаа таарч барилдсан. Уг нь багш бид хоёр тооцоо хийсэн байсан. Хөлд нь хоёр удаа сууж чадсан ч оноо салгаж чадаагүй.


------ Таван жилийн дараа ДАШТ-ий медалийн тавцанд зогсож байхдаа юу бодогдов?


Улс эр орныхоо нэрийг гаргаад, төрийн далбаагаа мандуулаад тэр том тэмцээний медалийн тавцанд зогсож байх мөч, тамирчин хүний хамгийн бахархмаар сайхан агшин байдаг. Их баярлаж байлаа. Заавал хожиж байж авдаг медаль болохоор бүр үнэ цэнэтэй ирсэн ирсэн медаль даа


------ Анх хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?


Анх Ц.Баярсайхан багш манай сургууль дээр хүүхдүүдийг өөрийнхөө секцэнд оруулж байсан юм. Манай ангиас нилээн олон хүүхэд орсон л доо. Тэгээд хэсэг явж байгаад ихэнх нь гарсан даа. Би ч гэсэн явахаа болисон юм. Гэтэл нэг өдөр багштайгаа тараад "Чи яагаад явахаа больчихсон юм бэ? Би чамайг хайгаад байлаа" гэдэг юм. Түүнээс хойш чөлөөт бөхөөр тууштай хичээллэсэн. Анхны амжилтаа 2004 онд Эрдэнэтэд болсон тэмцээнд гаргаж хүрэл медаль зүүсэн нь надад маш их урам зориг өгсөндөө. Багш минь тэгж шаардаагүй бол би бөхөөр явахгүй байсан байх. 


------ Ц.Баярсайхан багшийнхаа тухай уншигч олондоо танилцуулаач

- Манай багш МУГД Ц.Баярсайхан чөлөөт бөхийн дасгалжуулагчаар 25-26 ажиллаж байна. Анх клубээ байгуулаад "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш захиралтай хамтран ажиллаж эхэлсэнээс хойш бид нарын амжилт маш их сайжирсан. Багш маань өнгөрсөн жил Өнөрөө ахтай хамтдаа Гавьяат дасгалжуулагч цол авсан. П.Өнөрбат ах ДАШТ-ээс мөнгөн медаль авсанаар бас Гавьяат авсан. Багш шавь хоёр хамтдаа нэг өдөр авсан нь үнэхээр сайхан байсан шүү.


----- "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш захирал Их спортод элэгтэй хүн. Та бүхний бэлтгэл сургуулилтад маш их анхаардаг гэж сонссон.

- Тэгэлгүй яахав Ж.Түмэн-Аюуш захирал чөлөөт бөх ч биш спортын олон төрлийг дэмжиж явдаг. Компанийхаа ашиг орлогоос тамирчиддаа их мөнгө зарцуулдаг. Анх бидэнд зориулж 2008 онд хороололд байр авч өгч биднийг байлгасан юм. Түүнээс хойш олон ч удаа бидний төлөө их юм хийсэн дээ. Одоо Биокомбинатад "Эко" спорт цогцолбор байгуулсан. Спорт заал, бялдаржуулах танхим, дотуур байр, зоогийн газар, хурлын танхим, саун, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөтэй, гаднаа хөлбөмбөг, теннисний талбайтай иж бүрдэл цогцолбор байгуулсан. Бид нарыг амжилт гаргасаныг сонсоод маш их баярлаж, сэтгэл нь догдлоод суудаг хүн шүү дээ. 


------ Таны хань ч гэсэн спортын хүн

- Тийм. Анх бид хоёр нэг клубын тамирчин байсан юм. Манай нөхөр Г.Амархүү одоо барилдахаа болиод чөлөөт, сонгомол бөхийн шүүгч хийж байгаа. Өөрөө бөхийн спортын хүн болохоор надад амжилт үзүүлэх, бэлтгэл хийхэд маш амар байдаг. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтад яваад ирэхэд ар гэрээ сайхан аваад явж байдаг шүү. 

----- Лондоны олимпийн дараа ДАШТ-д ороод ээж болон нэг хэсэг завсарласан. Дэвжээндээ эргэж ирэх ямар байсан бэ?


     - Ерөнхийдөө бөхийн спортоор хичээллэдэг тамирчин эмэгтэй хүн эргээд барилдахад монголын нөхцөлд хэцүү гэж хүмүүс боддог байх. Хэцүү нь хэцүү л дээ. Би чинь хүүгээ төрүүлчихээд хэдхэн сарын дараа л УАШТ-д орсон. Эхний жил хэцүү байсан ч гэсэн энэ спортоор хичээллэсэнийх эцсийн зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлсэн юм. Дэвжээгээ ч их санасан шүү. Хүүгийн минь буян заяа түшиж, өөрийн мөрөөдөлдөө хүрэх болноо. Одоо бол "Манай ээж гарч байна" гээд зурагтныхаа өмнөөс салахгүй шүү дээ. Миний хамгийн том хөгжөөн дэмжигч 2 эр хүн нийлээд намайг дэмжээд суудаг юм.


----- Таны цаашдийн зорилго?


   - Тамирчин хүний зорилго угаасаа тодорхой. Улсынхаа аваргад түрүүлж, тив, дэлхий гээд амжилт үзүүлэх төлөө л өрсөлдөнө. Олимпийн шинэ цикл эхэлсэн учраас бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, намайг дэмждэг ард түмэн, багш дасгалжуулагч, холбооны хамт олон, "Мега старс" клуб, гэр бүл, биднийг үргэлж дэмждэг Ж.Түмэн-Аюуш захиралтай "Хасу Мегаватт" компаний хамт олноо баярлуулах болно.


---- Таны цаашдийн ажил үйлс, спортын замналд тань амжилт хүсье


  - Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Нийт Монгол түмэндээ Шинэ жилийн баярын мэнд хүргээд, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе6


Олимпийн хошой аваргын өмнө нүд цавчихгүй зогсохыг
Олон түрүүлсэн гэж сагсууралгүй төлөв даруу байхыг
Цасан шуурга усан борооноор гадаа гүйх тэвчээрийг
Цэвэр ялагдан сэтгэлээр унасан ч бэлтгэлдээ ирэх ухааныг
Ялагдаж яваад ялах амжилтын "гашуун" амтыг
Ялж яваад ялагдах гутамшигт үнэн сургамжыг
Хэн ч албадаагүй байхад Эх орны төлөө цохилох зүрхийг
Хэзээ дуусахаа мэдэхгүй жин хасах тарчлааныг
Магтан хөөргөх, хараан зүхэх олны хэл амыг
Даван туулах сэтгэл зүйн бэлтгэлийг
Дайчин чанар, тэсвэр хатуужилыг
Тамирчин хүнээс л
Та харна ...
Тиймээ би Монгол тамирчин

Ч.Амартүвшин