Цаг үеийн мэдээ

      Сайн үйлсийн хариу заавал ирдгийг доорх жишээ батлан харуулж байна.        

     Өнгөрсөн өдрүүдэд Африк Амеоик гаралтай иргэн Ж.Флойдын амь наснаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал үймээн замбараагүйтлээр даамжирч, олон хот хохирол амсаад байна.  Үүний нэг нь Нью-Йорк мужийн Буффало хот юм. Олон олон жагсагчдын хөлд дэлгүүр, үйчилгээний төвүүдийн цонх хаалга эвдэрч, гудамж талбай тэр гэхийн тэмдэггүй хөглөрч байна. 

    Тэгвэл Буффало хотын иргэн 18 настай Антонио Гвинн төрөлх хот нь жагсагчдын хөлд бохирдсоныг харж, улмаар  шөнийн 02.00 цагт гэрээсээ шүүр, хогны ууттай гарч цэвэрлэгээ эхэлсэн байна. 

      Тэрээр бүтэн арван цагийн турш нэг ч амралгүй гудамжуудыг цэвэрлэжээ. Харин өглөө нь түүний зөв үйлдлээс жишээ авсан хөршүүд,  цэвэрлэгээнд туслахаар ирцгээсэн ч Антонио аль хэдийн ихэнх талбайг цэвэрлээд дуусч байжээ. Антонио ахлах сургуулийн сурагч бөгөөд хэвлэлд яриа өгөхдөө “Би зурагтаар гудамж талбай хэрхэн шилний хэлтэрхий, хогоор дүүрсэн байхыг хараад, маргааш өглөө хүмүүс ажилдаа явахын тулд энэ гудамжууд цэвэрхэн байх ёстой гэж бодсон” хэмээн ярьжээ.

     Антониог мэдээнээс харсан 27 настай Мэтт Блок түүнд хувиасаа 2004 оны улаан Мустанг машин бэлэглэсэн байна. Блокын хэлснээр тэрбээр бага наснаасаа тус машиныг мөрөөдөн байж авсан ч өдгөө өдөр тутамдаа унахгүй байгаа аж. Мөн тэрбээр Антониог Facebook дээрээ машин авахаар төлөвлөж байгаагаа бичсэн байсныг хараад, өөрийн хайртай машинаа бэлэглэжээ.

     Харин нутгийн даатгалын бизнесмэн Боб Брайслэнд дээрх бэлгээс санаа авч, хүүгийн шинэ машины даатгалыг нэг жилээр үнэгүй сунгаж өгсөн байна.

    Антонио сургуулиа төгсөөд бизнесийн сургуульд сурахаар төлөвлөж, мөнгөө цуглуулж байсныг мэдээд Буффалогийн Медайлле коллеж түүнд 100 хувийн тэтгэлэг санал болгожээ.