Цаг үеийн мэдээ

Монгол улсын Хүүхэлдэйн театр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээлжит шинэ уран бүтээл болох О.Сундуйн зохиол "Хүүхэлдэйн чинээ ээж" хүүхэлдэйн жүжгийг туурвин өнөөдөр  нээлтээ хийж бяцхан үзэгч хүүхэд, багачууд хүндэт эцэг эхчүүдийн хүртээл болголоо. 

Уг жүжгийн зохиолыг хүүхдийн зохиолч Нацагдоржийн нэрэмжит шагналт О.Сундуй, найруулгыг Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин, найруулах урлагийн магистр МУСТА Я.Өнөртуул найруулан тавьсан бөгөөд 5-аас дээш насны хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн уг жүжгээс хүүхдүүд урлагийн боловсрол, гоо зүйн таашаал, танин мэдэхүйн боловсрол, сургамж авах бүтээл болсон  нь харагдлаа. Жүжгийн зураачаар зураач В.Энх-Амгалан, С.Энх-Од, хөгжмийн зохиолыг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд , Хөгжмийн найруулгаар М.Болд, Б.Ядамсүрэн нар ажиллав. 

Жүжгийн товч агуулга: Эрх дураараа нэгэн охин ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөөрөө зөрж ээждээ гомдон гарч явна. Гэрийнхээ гадаа уйлаад сууж байтал охины дэргэд нэгэн ер бусын сонин амьтан гарч ирнэ. Тэр өөрийгөө “Гомдол” гэх бөгөөд охиныг аргадан ээжийгээ хашраах хэрэгтэй хэмээн гэр лүүгээ дагуулан явна. Гомдол арган дотор сууж охинд үүрүүлэн явснаар адал явдал эхэлнэ. Охин гомдоллож уурлах тусам Гомдол томорч харин охин Гомдлын гэр хэмээх арагт хоригдоно. Хоригдсон охиныг аврахын тулд хайрт эх нь хэрхэн хүнд хэцүүг туулж аварч байгааг энэхүү жүжигт харуулна.

Тоглолтын хуваарь:

2023.05.27-ны өдрийн 11:00 цагт 

2023.05.28-ны өдрийн 13:00, 15:00 цагуудаас 

2023.05.31-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас 

2023.06.01-ний өдрийн 13:00, 15:00 цагуудаас тус тус тоглоно.