Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний музей дотоод, гадаад жуулчдын ихээр зорин очдог аялал жуулчлалын төв “Цонжин болдог” Чингис хааны морьт цогцолбортой хамтран өөрийн сан хөмрөгөөс “Монголын соёл” тусгай үзэсгэлэнг дэглэн 2023  оныг дуустал улирал бүр сэдэвчлэн шинэ үзмэрээр баяжуулан олон нийтэд толилуулж байгаа билээ. 

Энэхүү үзэсгэлэн нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музей, "Женко Брью тур ХХК" -ны хамтын ажиллагааны гэрээний дагуу үзмэрийн аюулгүй байдал, тээвэрлэлт, даатгал болон бусад холбогдох бүх харилцааг МУ-н Соёлын тухай хууль, Музейн тухай хууль , журмын дагуу зохион байгуулж иж бүрэн түншлэлийн хүрээнд зохион байгуулж үзэгчдэд соёлын үйлчилгээг хүргэж буйгаараа онцлог билээ. 

Үзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг монголчуудын гал голомт тулга тогоо, домбо, ур үндсээр хийсэн цар, аяга, цайны талхи, олон төрлийн цацал зэрэг үзмэрүүд эзэлж байна. Онцлон өгүүлбэл, цайны сав болох домбоны олон төрлийн хийц хэлбэрийг нэг дороос харьцуулан үзэж, сонирхох боломжтой.