Цаг үеийн мэдээ

Лим Хюн-Жо нь АНУ-ын Нью-Иорк хотын Жуллиардын хөгжмийн сургууль, Флоренцын Сан Феличийн хөгжмийн академи, Венын Франц Шубертын Консерватор, Ромын олон улсын хөгжмийн академи зэрэгт суралцан төгссөн мэргэжлийн дуурийн дуулаач юм.

Тэрээр дэлхийн хэмжээний поп опера дуучин бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхтайваны медалиар шагнуулсан хамгийн залуу Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн.

Тэрээр Форбесийн жагсаалтад Азийн хамгийн нөлөө бүхий 30-аас доош насны 30 эрхэмд багтсан одоогийн байдлаар цор ганц хөгжмийн урлагийн төлөөлөгч бөгөөд CNN жагсаалтаар дэлхийн хамгийн сайн 3 поп операн нэг, BBC хөгжмийн сувгийн хамгийн нөлөө бүхий поп опера эхний 5-д дэлхийн алдарт Сара Брайтмэн, Андреа Бочелли нартай хамт орсон байдаг.

Лим Хюн-Жо нь дэлхийн бүхий л томоохон театр, урлагийн тайзнаа хамтын болон бие даасан тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан цөөн уран бүтээлчдийн нэг юм. Мөн 2013 онд түүний альбом 1 сая хувиас илүү зарагдсан рекорд тогтоожээ.

Дуурийн дуулаачийн ажлаас гадна Ромын олон улсын хөгжмийн академийн Гоцлол хөгжмийн тэнхимийн хүндэт профессор, “Грамми” хөгжмийн шагналын сонгох эрхтэй гишүүн зэрэг үүргүүдийг биелүүлдэг. Мөн ЮНЕСКО-ын Энх тайвны төлөөх урлагийн элчээр томилогдсон байна. Түүний нэг мөрөөдөл нь Монгол Улсын "The Hu" хамтлагтай хамтарсан дуу хийх гэнэ.