Цаг үеийн мэдээ

Оксфам олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар 2020 оноос хойш дэлхийн хамгийн чинээлэг таван хүний хөрөнгө нэг дахин нэмэгдсэн бол харин дэлхийн хүн амын 60 хувийг бүрдүүлдэг ядуу гэх тодотголтой 5 тэрбум хүн улам ядуурчээ. Тухайлбал дэлхийн хамгийн баян хүн болох Tesla, Space X, Х зэрэг компаниудын гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгийг 2024 он байдлаар 230,2 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлжээ. 2020 оны гуравдугаар сараас хойш Илон Маскийн хөрөнгө 737 хувиар өссөн байна.

Дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа Францын LVMH корпорацын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бернард Арногийн хөрөнгө гурван жилийн өмнөхөөс 111 хувь өсч 191,3 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн Жефф Безосын хөрөнгө 24 хувиар, Ларри Эллисоны хөрөнгө 107 хувиар, Уоррен Баффетын хөрөнгө 48 хувиар өссөн байна. 

Тодруулбал дэлхийн хамгийн баян эдгээр таван хүний нийт хөрөнгө 2020 оноос хойш нэмэгдсээр 869 тэрбум ам.долларт хүрчээ. Хэрэв энэ байдлаараа дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө хурдан өсвөл ирэх 10 жилийн хугацаанд дэлхий дээр анхны их наяд доллартой хүн нэрлэгдэнэ гэж Оксфамын судлаачид үзжээ.

Энэ байдлыг өөрчлөхгүй бол дэлхий нийт ирэх 229 жилд ядуурлаас гарахгүй гэдгийг анхаарууллаа. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал уг ялгаа ихсэхэд нөлөөлсөн гэж Оксфам тайлбарласан байна.