Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурсан гэдгийг тус улсын Үндэсний статистикийн хороо танилцуулжээ. 2022 онд Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлтийг харуулаад байсан бол 2023 онд дахин буурчээ. Өнгөрөгч 2023 онд Хятадын хүн ам 2 саяар багасаж 1,409 сая болсон байна. 

Хүн амын тоо буурснаас гадна 1,000 хүн тутамд оногдох төрөлтийн тоо ч бас багасжээ. 2022 онд 1,000 хүн тутамд 6.77 төрөлд бүргэгдэж байсан бол 2023 онд 6.39 болсон байна. 2022 онд 9,560,000 хүүхэд шинээр мэндэлсэн бол өнгөрсөн жил 9,020,000 хүүхэд мэндэлжээ. 

Түүнчлэн хөдөлмөр эрхлэх насны буюу 16-59 насны хүмүүсийн тоо 2022 оныхоос 10,750,000-аар буурсан байна. Харин 60-аас дээш насны ахмад настай иргэдийн тоо өмнөх жилийнхээс 16,930,000-аар нэмэгджээ. Хятад хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлж байсан боловч өнгөрсөн жил Энэтхэгт байраа алдсан билээ.