Цаг үеийн мэдээ

Дэлхийн усны өдөр Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргалаа. Тэрбээр: 

Монголчууд бид эрт дээр үеэс уул ус, ургамал амьтнаа хайрлан байгаль хамгаалах зан үйл, ёс горимыг сав шим ертөнцийн дотоод тогтолцоонд тулгуурлан дээдэлсээр ирсэн билээ.

Тиймээс ч байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд булаг шанд, гол горхийг цэвэр тунгалаг байлгах, байгаль орчноо онгон дагшнаар нь үлдээх, өвлүүлэх арга ухааны нэг нь усаа хамгаалах, эрхэмлэх зан үйл байв.

Өнөөдөр сав шим ертөнцийн хоорондын зохисгүй харьцаа үүсэж, аж төрөх ухаан нь буруудан элдэв бэрхшээлүүд бий нь илтэд буй.

Цөвүүн цагийн таван шинж нь хүмүүсийн буруу үзэл бодол, үйл хэргээс урган эх үндэс нь бүрддэг.

Энэ тухай Говийн ноён хутагт, соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаа "Муу явдлыг өөрсдөө үйлдээд цагийг муу хэмээн яахин хэлнэ" хэмээн цагтаа бус хүндээ байгааг айлджээ.

Үүний учир бие, хэл, сэтгэл тэргүүтний зохисгүй үйл хөдөлгөөн тэргүүтнийг зөвтгөвөөс амар амгалан, урт удаан аж төрөх нөхцөлийг бүрдүүлнэ.

Иймээс хүн бүр чандмань эрдэнэ болсон ус тэргүүтнээ хайрлан хамгаалъя гэж уриалав.