Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы (2024.03.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар тус тус танилцуулав.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар Ж.Чинбүрэн гишүүн онцолж, манай улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгааг танилцууллаа. Дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгааг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед цусны нөөц буурч, хариу арга хэмжээ авсны хүчинд эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүний тасалдалгүй даван туулсан байна.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв тухайн эмнэлэг, төвийнхөө удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгодог байна.

Иймд дээрх зарчмуудыг тусгаж, Донорын тухай хууль дахь цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, сэлбэлттэй холбоотой зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хууль болгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү төслийг боловсруулснаа Ж.Чинбүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр байгууллага өөрийн орлогоор эхний ээлжид хүний нөөцийн зардал, материаллаг зардал, бусад зардалд нийт 14 тэрбум төгрөгийн зардал гарах, цаашид техник, технологийн шинэчлэлтэй холбоотой хөренгө оруулалтын зардлыг улсын төсөвт тусгах тооцооллыг төсөл санаачлагч танилцуулсан байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгааг Б.Жаргалмаа гишүүний танилцуулсан санал, дүгнэлтэд дурдав. Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Н.Энхболд нар асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Донорын тухай хуулиас ийнхүү цусны донорын талаарх зохицуулалтыг салган, бие даасан хууль батлах шаардлага, эхний ээлжид шаардлагатай гэх 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийн талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Цусны донор болох эд, эс, эрхтэний донор болох нь маш их ялгаатай үйл ажиллагаа гэдгийг төсөл санаачлагч Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаад “Цусны донор болно уу гэж нийтэд уриалж болох ч эд, эс, эрхтэний донор болохыг уриалах боломжгүй. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын баримт бичигтэй ч мөн нийцнэ” гэв. Түүнчлэн улсын хэмжээнд цус цуглуулах үйл явцыг идэвхжүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Засгийн газраас өгсөн саналуудыг төсөлд тусгасан эсэх, шинэ агентлаг байгуулах эсэх, мөн төслийн 6.1.7 дахь заалтын шаардлага, үндэслэл, 19.3 дэх заалтын талаар боловсролын байгууллагаас судалгаа авсан эсэх, 24.3 дахь заалт нь хүний эрхийн зөрчил үүсгэх эсэх, сар бүр цусны төвийн үйл ажиллагааны нэмэгдэл цалин олгох үндэслэл зэргийг С.Ганбаатар гишүүн тодруулсан. Төслийн хүрээнд цусны донорын үйл ажиллагааг урамшуулан, дэмжих тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгааг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарласан. Энэ ч агуулгаар боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт зохих агууллагыг багтаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Цус сэлбэх үйл ажиллагаа орчин үед маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт чухал нэгж байгаа учраас технологиудыг хөгжүүлэхийн тулд өөрсдийнх нь олсон орлогоор тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах, мэргэжилтнүүдийг давтан сургах шаардлагатай байгааг хэлсэн. Түүнчлэн цусны хэрэгцээ 160 хувиар өссөн байхад боловсон хүчний нөөц ердөө 20 хувиар нэмэгдэхүйц байгаа учраас хүний нөөцийг бодлогоор дэмжих, санхүүжилтийн зохицуулалтыг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий гэлээ.

Цусны донорын асуудал нь эрүүл мэндийн салбарын нэг хэсэг, нэгж  байтал ийнхүү бие даасан салбарын хэмжээнд зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан гэдэг байр суурийг С.Чинзориг гишүүн илэрхийлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүрэг, нийгмийн хамгаалал, мэргэжил дээшлүүлэх сургалт гээд энэ бүх харилцаа нь салбарынхаа суурь хууль болох Эрүүл мэндийн тухай хуулиар, цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал нь Төрийн албаны хуулиар зохицуулагддаг. Энэ шалтгаанаар дэмжихгүй зохицуулалтууд байгаагаа С.Чинзориг гишүүн хэлсэн. Түүнчлэн орлогоо захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  эргэлтийн сан гэх зохицуулалтыг төсөлд тусгасан нь цаашид орлого олдог төсвийн байгууллагуудад жишиг болох магадлалтай учраас дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Цусны төвүүдийг бүсчлэн байгуулдаг, тэдгээр нь нэгдсэн удирдлагатай байдаг улс орнуудын жишгийн талаар Н.Энхболд гишүүн дурдаад жил бүр өсөн нэмэгдэж буй цус, цусан бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд донорын тоог нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цусны төвийг бүсчлэн зохион байгуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа ч сайн дураараа цусаа хандивлах үйл ажиллагаа гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн онцлоод энэ үүднээсээ төслийн нэртэй, төсөл дэх нэр томьёотой холбоотой санал гаргасан. Б.Бейсен гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлээд мэргэжлийн хүний хувиар цус сэлбэх үйл ажиллагаатай холбоотой тайлбар, орон нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.   

Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны саналаар санал хураахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 61.7 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.