Цаг үеийн мэдээ

“Наурыз”-ын баярын арга хэмжээ уламжлалт ёсоор Баян-Өлгий аймгийн төв талбайд эхэллээ. Баярын арга хэмжээг аймгийн Засаг дарга А.Камелият нээж хэлэхдээ “Монгол Улсын дөрвөн зүг, найман зохист амьдран суугаа ахан дүүс, төрлөх нутгийн зон олон Та бүхэндээ Наурызын баярын халуун мэндийг дэвшүүлье. 

“НАУРЫЗ”-ын баяр бол хүйтэн өвлийг давж, урин хавартай учран золгосны, улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлөвийг билэгдэн тодорхойлж өв соёл, ёс заншлыг хүндэтгэн дээдлэх нөхөрлөлийн баяр билээ. 

Төр, Засаг маань ч “НАУРЫЗ” баярыг Цагаан сарын баяртай нэгэн адил эрхэмлэж, казах түмэнд ямагт хүндэтгэл үзүүлж, казах түмний өв соёлыг өнөөг хүртэл хадгалан хөгжүүлэх, уламжлалт баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, үндэсний өв уламжлал, зан заншил, урлаг соёлоо дээдлэн хөгжүүлэхэд өргөн боломж бүрдүүлсээр ирсэн. Жил бүрийн баярын энэ өдөр Төрийн өндөрлөгүүдийн төлөөллүүд манай аймагт хүрэлцэн ирж, баярын арга хэмжээнд оролцож, казах түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг нь хүндэтгэлийн дээд билээ. 

Уламжлал ёсоор энэ жилийн Наурызын баярын арга хэмжээнд Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Б.Тулга тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж оролцож байгаа явдалд бид бүхэн маш их баяртай байгаа бөгөөд нийт Казах түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд талархал илэрхийлье” хэмээгээд Баян-Өлгийчүүд Та бүхэн маань домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлууддаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан баярлаарай.” хэмээн  мэндчилгээ дэвшүүллээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд болон бусад албаны төрийн төлөөллүүд Төв талбайд цугласан Казак түмэнд Наурыз баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ, казах түмний соёл уламжлал, зан заншлыг хүндэтгэж явдгаа илэрхийлэв.

Баярын арга хэмжээ казах түмний зан заншил, өв уламжлал, өвөрмөц соёл, ёс заншлыг харуулсан баярын парадаар үргэлжлэв.