Цаг үеийн мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 дүгээр улирлын тайланд 771.1 мянган ажиллагчдыг хамруулжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2235400 төгрөг байна. Энэ нь 2022 оныхоос 485100 төгрөг буюу 27.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн. Гэвч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгджээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагч, тэдний цалин, орлогыг дараах бүлгүүдэд хувааж, 2023 оны 4 дүгээр улирлын дүнг 2022 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад бага цалинтай даатгуулагчийн эзлэх хувь буурсан байх юм. Харин 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь нэмэгдсэн дүн гарчээ.

2023 оны 4 дүгээр улиралд 2-3 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 23.8 хувьтай байна. 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Улаанбаатар хотод 2.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 91400 мянган төгрөгөөр их, бусад бүсэд улсын дунджаас 13100-509600 төгрөгөөр доогуур байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд:

-хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг,

-төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 3.3 сая төгрөг,

Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 64500- 1203800 мянган төгрөг 2.9 -53.9 хувиар бага байна. Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 2162200 төгрөг болж, 2022 оны 4 дүгээр улирлынхаас 730700 төгрөгөөр нэмэгджээ.  2023 оны 4 дүгээр улирлын дундаж цалинг хүйсээр авч үзвэл:

-эрэгтэйчүүдийнх 2.4 сая,

-эмэгтэйчүүдийнх 2 сая төгрөг,

Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 500007 төгрөг буюу 20.2 хувиар илүү байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын улсын дундаж цалингийн зөрүү 2021 оноос хойш тогтмол өсжээ. Нөхөрлөл, хоршоо болон төрийн бус байгууллагад ажиллагчдын хувьд эмэгтэйчүүдийн цалин өндөр, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийн цалин өндөр гарчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн их буюу 3 сая төгрөг. Харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.3 сая төгрөг буюу хамгийн бага байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2022 оныхоос 2100, 2023 оны 3 дугаар улирлаас 682-оор, ажиллагчдын тоо 15100, 2023 оны 3 дугаар улирлаас 3100-гаар тус тус өсжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг салбар тус бүрээр авч үзвэл:

112900 нь боловсролын салбар,

112800 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар,

79300 нь төрийн удирдлага, батлан хамгаалах салбар,

45700 нь уул, уурхай олборлолтын салбар,

29500 нь санхүүгийн болон даатгалын салбар,

27700 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх салбар,

131900 нь бусад салбар,

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхны цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байгаа юм.  

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй. Татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

Бодит цалин нь нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.

Цалин хөлс нь: Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм.

Жишээ нь: Иргэн Э-гийн бодогдсон цалин 2235366 төгрөг гэж үзээд, гарт олгох цалинг тооцоход 1792469 төгрөг болж байгааг хэлнэ хэмээн Үндэсний статистикийн хороо тайлбарлажээ.