Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 125 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 803 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 8 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.

Завхан аймгийн Сонгино сумын удирдах албан тушаалтан “Х” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх, Баянгол дүүргийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “М” албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан “У” нь хахууль авсан гэх, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “Б” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан хясан боогдуулж хахууль авсан гэх, Дорнод аймгийн Гаалийн газрын удирдах албан тушаалтан “В” нь бусдаас хахууль авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.