Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, "Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн дуучин Даваажавын Баадайжав 79 насандаа таалал төгслөө. 

Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод төржээ. 1964-1968 онд УДБЭТ-ын дэргэдэх  дуучныг бэлтгэх студид суралцаж, АЖ А.Загдсүрэнгийн удирдлаганд төгсжээ. 1969-1971 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна.

Тэрээр 1963-1992 онд УДБЭТ-т Найрал дуучин, Гоцлол дуучнаар ажиллаж байгаад  1994 оноос “Сэлэнгийн долгио” чуулгад дарга, найруулагчаар, 1997 оноос “Мюзик холл” дээд сургуульд дуулах ур зүйн багшаар ажилласан юм.

1966 онд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан Дуурийн дуулагчдын ОУ-ын наадмаас “Шилдэг дуулаач” шагнал,

1970 онд П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын ОУ-ын уралдаанд II шатанд шалгарч байлаа.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурийн Алтайн дагина

А.Даргомыжский “Лусын дагина” дуурийн Вангийн хатан

Б.Дамдинсүрэн “Тэмцэл” дуурийн Пагма

Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Нямдулам 

Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Сузуки

Ш.Гуно “Фауст” дуурийн Зибель

А.Бородин “Игорь ван” дуурийн Кончаковна

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Бүүвэйч

Л.Мөрдорж “Жаргал” дуурийн Пэл

П.И.Чайковский “Иоланта” дуурийн Марта 

Б.Ямпилов “Шидэт ваар” дуурийн I эхнэр

Г.Дарамзагд “Нүүдлийн замд” дуурийн Гармаа

Ж.Бизе “Кармен” дуурийн Кармен

Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Цурхай 

Х.Билэгжаргал “Ламбагуайн нулимс” дуурийн Эх гэх мэт дүрүүдийг бүтээж, сонгодог урлагийн нэгээхэн том төлөөлөл болсон чадварлаг дуурийн дуучин төдийгүй олон уран бүтээлч шавь нарыг бэлтгэн гаргасан багш юм.

Түүний нийтэч тууштай зан чанар, аливаад бүтээлчээр ханддаг өвөрмөц сэтгэлгээ, урлагийн төлөө гэсэн чинхүү хүсэл тэмүүлэл нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. 

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье. 

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН