Цаг үеийн мэдээ

Германы Гёттинген хотод хөл хорионд орсон орон сууцны хотхоны оршин суугчид цагдаа нартай мөргөлдөж эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Оршин суугчид хаалт хийсэн төмөр хашааг нураахыг оролдон цагдаа нарын эсрэг чулуу, төмөр, лонх, тэсрэгч шидсэн байна. Энэ үеэр цагдаагийн олон албан хаагч гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.

Өнгөрсөн пүрэв гарагт хотхоны 2 оршин суугчаас коронавирусний халдвар илэрсний дараа хотхоны 700 гаруй оршин суугчийг хөл хорионд оруулж, гадагш гарахыг нь хориглосон юм. Дараагийн өдөр нь хотхоны 120 оршин суугчаас халдвар илэрсэн байна. Хөл хориог эсэргүүцсэн 200 гаруй оршин суугч цагдаа нартай мөргөлдсөн байна.

Үүнтэй зэрэгцэн Германы махны үйлдвэрт гарсан коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж 1331 болсон байна. Үйлдвэрийн ажилчид болон гэр бүлийнх нь 6500 орчим хүнийг энэ долоо хоногийн эхээр тусгаарлаж хөл хорионд оруулсан юм. Мөн ахмадын асрах газар, дүрвэгсдийн байр, нийтийн тээврийн компанид халдвар дэгдсэн байна.

Герман улсад халдварын нийт 189,822 тохиолдол бүртгэгдэж, 8,882 хүн цар тахлаар амиа алдаад байна. Зөвхөн сүүлийн нэг хоногт халдварын 687 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.